Э.Оюунболдын шинжилгээнээс сэргээшийн төрлийн бодис илэрснийг зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-08-26 20:44:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн тухай ажлын тайланг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тус хорооны нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын дарга Э.Содномжамцад үүрэг болголоо.


Мөн ирэх жилийн Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн концерт, нээлт, хаалтын ёслол найруулагчийг сонгон шалгаруулах ажлыг 2020 оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулахыг Шадар сайд Ө.Энхтүвшин холбогдох салбар хороонд үүрэг болголоо.

Баяр наадам зохион байгуулалт сайтай болсон. Наадамчин олны сэтгэгдэл өндөр, үнэлгээ гайгүй байна. Гэсэн ч цаашид анхаарах санал шүүмжлэлүүд ирсээр байна. Эдгээрийг анхаарч ажиллах хэрэгтэй гэж  ҮИБНЗБХ-ны дарга Ө.Энхтүвшин хэллээ.

Ирэх жилээс Үндэсний их баяр наадмыг улс орон даяар нэгэн өдөр тэмдэглэдэг байх нь зүйтэй. Засгийн газрын хуралдаанд ийм санал оруулна гэж Шадар сайд хэллээ.  Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай болсон тул ажлын хэсэг байгуулан хуулийн төсөл боловсруулахыг үүрэг болголоо.

Үндэсний бөхийн салбар хороо допинг хэрэглэсэн нь тодорхой болсон бөхийн нэрийг яаралтай зарлах зүйтэй гэж Шадар сайд хэллээ. Допингийн шинжилгээний хариу ирсний дараагаар улсын цол, тэмдгийг гардуулж байх санал гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаа энэ үеэр илэрхийлэв.

Мөн дөрвийн даваанд барилдаж, элэг бүсээ өгөхдөө учраа бөхөө санаатайгаар тохойлдож зүй бус үйлдэл гаргасан Улсын гарьд Ш.Жаргалсайханд хариуцлага тооцохыг Үндэсний бөхийн салбар хороонд даалгалаа.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын лабораторид илгээсэн. Энэ оны наймдугаар сарын 05-нд ирүүлсэн хариугаар шинжилгээнд хамрагдсан 16 бөхийн хоёроос нь авсан дээжид сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн тухай мэдэгдсэн.

Хоёр бөхөд шинжилгээний хариуг танилцуулж, гарын үсэг зуруулсан. Нэг бөх Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ журамд заасан хугацаанд гаргасан тул Монголын допингийн эсрэг үндэсний төв хүлээн авч, БНСУ-д илгээгээд байна. Харин нөгөө бөх журамд заасан хугацаанд шинжлүүлэх хүсэлт гаргаагүй бөгөөд Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдэж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ