Нефтийн үнэ өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-08-27 11:23:31

ВАШИНГТОН. /Reuters/. БНХАУ-тай худалдааны гэрээ байгуулах талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэж, хоёр орны харилцан нэмэлт татвар ногдуулж магадгүй нөхцөл байдал намжсантай холбогдуулан нефтийн үнэ мягмар гарагт өсжээ.


Өнөөдөр “Brent” маркийн нефтийн үнэ 27 цент буюу 0.5 хувиар өсөж, 58.97 ам.долларт хүрсэн бол “WTI маркийн нефтийн үнэ 0.4 хувиар өсөн 53.37 ам.долларт хүрсэн байна.


Бээжингийн засаг захиргаа эерэг дохио ирүүлсэнтэй холбоотойгоор БНХАУ-тай худалдааны гэрээ байгуулах төлөвтэй байгаа талаар Д.Трамп өчигдөр мэдэгдсэн юм. Уг мэдэгдэл хоёр орны харилцан бие биедээ ногдуулж болзошгүй татварын улмаас дэлхийн зах зээлд үүсээд байсан нөхцөл байдлыг намжаажээ.


"БНХАУ худалдааны маргааныг хэлэлцээний “тайван” замаар зохицуулж, худалдааны хурцадмал байдал өсөн нэмэгдэхийн эсрэг байр суурь баримталдаг" гэж тус улсын Төрийн зөвлөлийн Шадар сайд, АНУ-тай хийх хэлэлцээний ахлагч Лю Хэ даваа гарагт мэдэгдсэн байна.


Нефтийн үнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард хамгийн өндөр хэмжээнд хүрсэнээсээ хойш 20 орчим хувиар унасанд АНУ, БНХАУ-ын худалдааны маргаанаас үүдэн нефтийн эрэлт буурч магадгүй гэх болгоомжлол ихээхэн нөлөөлжээ. 

Холбоотой мэдээ