Буянт гол дагуу 13 тонн хог хаягдал цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-27 13:26:17

Ховд /МОНЦАМЭ/. "Буянт голын хүүхдүүд" аяны хүрээнд “Зуслангаа цэвэрхэн хүлээлгэж өгье” санаачилга өрнүүлж, Буянт гол дагуу цэвэрлэгээ хийв.

Энэ удаа байгаль орчны салбарын долоон байгууллагын 60 гаруй ажилтан, Буянт гол дагуу зусланд гарсан өрхийн 100 орчим иргэн оролцож, 13 тонн хог хаягдал цэвэрлэлээ.

Энэ жил “Буянт гол”-ын хөвөөнд 840 өрх зусланд гарчээ. Эдгээр айл өрхийн хог хаягдал, нүхэн жорлонгийн асуудлыг иргэдийн оролцоотой шийдвэрлэх, байгаль орчиндоо ээлтэй байлгах жишиг тогтоох, голын усанд тээврийн хэрэгсэл, хивс, хувцас угаадаг буруу үйлдлийг таслан зогсоох, голын усны бохирдлыг багасгах зорилгоор “Буянт голын хүүхдүүд” аяныг зуны турш өрнүүлсэн.  Аяны төгсгөлд “Зуслангаа цэвэрхэн хүлээлгэж өгье” санаачилга өрнүүлж буйгаараа онцлог аж.

Тус аяныг Дэлхийн байгаль хамгаалах сан, аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөл, Ховдын мэдээ сонин, Байгаль сэтгүүлч клуб, Жаргалант сумын ЗДТГ зэрэг  байгууллага хамтран хэрэгжүүлсэн юм. Аяныг хэрэгжүүлэгчид Буянт гол дагуу зусланд гарсан айл өрхүүд дараа зун дахин айлсах учраас нүүхдээ гэрийн буурь болон эргэн тойрны 10 метр газрыг цэвэрлэхийг уриалав.  

Холбоотой мэдээ