Б.Банзрагч: "Баян-Айраг" компани долоон жил гүний усыг үйлдвэрлэлд ашиглаж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-08-27 22:07:53

Завхан аймагт уул уурхайн олборлолт явуулж буй "Баян-Айраг эксплорэйшн" ХХК нь гүний усыг үйлдвэрлэлд ашиглаж байгаа бөгөөд Эрдэнэхайрхан, Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байна. Гүний усыг уурхайд ашигласнаар худгийн усны нөөц багасч байна. Ер нь хэчнээн куб метр усыг ашиглаж байгаа талаарх мэдээллийг иргэдээс хүссэний дагуу Завхан аймгийн Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны Газар доорх усны нөөц хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн, гидрогеологич инженер Б.Банзрагчтай уулзаж тодруулга авлаа.

-Сайн байна уу? Танд өдрийн мэнд хүргэе. Газар доорх ус гэж яг ямар усыг хэлдэг вэ. Тодорхойлолтыг нь хэлж өгөөч?

-Газар доорх ус гэдгийг товчоор хэлбэл газрын гадаргаас доош чулуулгийн нүх сүв, ан цавт оршиж буй усыг газар доорх ус гэж ойлгож болно.

-Энэ ус нөхөн сэргэдэг ус мөн үү?

-Газар доорх ус дотроо олон төрөлд хуваагддаг. Тухайн газар доорх усны төрөл байгалийн нөхцөл, газар нутгийн онцлог, уур амьсгал, хур тунадасны хэмжээ тэжээгдлийн төрлөөс хамаарч харилцан адилгүй хугацаанд нөхөн сэргэдэг. Нөхөн сэргэх хугацаа нь маш удаан байдаг. Зарим эрдэмтэн судлаачид газрын доорх усны зарим онцлог төрлийг нөхөн сэргэх боломжгүй баялагт тооцож байна. Учир нь нөхөн сэргэхэд хэт удаан хугацаа шаардах хэдэн зуун мянган жилд ч бүрэн нөхөн сэргэх боломжгүй газар доорх усны төрөл байдаг.

-Өнөөдөр манай аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй "Баян-Айраг" ХХК нь говийн бүсийн гүний усыг ашиглаж байгаа. Тэгэхлээр яг хэчнээн м3 усыг ямар зөвшөөрлөөр ашиглаж байгаа бэ?

-Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулж буй "Баян-Айраг" ХХК нь "Монгол-Ус" ТӨААТҮГ-ын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/40 тоот ус ашиглуулах дүгнэлтийн дагуу, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаатай ус ашиглах гэрээг байгуулсан байгаа. Энэ гэрээний хүрээнд 2019 онд 310,642.8 м3 усыг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Хайрханы хөндийн газар доорх уснаас ашиглахаар гэрээ байгуулсан байна. Ус ашиглах гэрээ, дүгнэлтийг жил бүр шинэчилж хийдэг. Нэмж хэлэхэд, ус ашиглах дүгнэлт гаргуулах, гэрээ байгуулахад иргэдийн саналыг заавал тусгах хуулийн заалт байхгүй. 

-Тус компани хэдэн жил ус ашиглаж байна вэ?

-Хайрханы хөндийн газар доорх уснаас 2013 оноос хойш долоо дахь жилдээ ус ашиглаж байгаа.

-Газрын доорх усыг цооногоор дамжуулан ашиглаж байгаа. Тэгэхээр Логер суурилуулснаар ямар үр дүн гарч байна бэ?

-Хайрханы хөндийн газар доорх усны нөөцөд хяналт тавих зорилгоор  бүрэн автомат  хяналтын цооног байгуулан хяналтыг хийж байна. Цооногт зургаан цаг тутам автоматаар усны хэмжилт хийж мэдээлэл ирдэг. Үр дүн маш сайн байгаа. Хайрханы хөндийн газар доорх усанд байнгын хяналт тавих боломжтой болсон гэсэн үг.

-Цооног гаргаж гүний усыг хэрэглэснээр бусад энгийн хэрэгцээний худгуудын усанд нөлөөлөх үү? Жишээлбэл худгийн усны түвшин багасах уу?

-Ашиглаж буй усны хэмжээ хугацаанаас хамаарч ашиглалтын цооногт усны түвшин тодорхой хэмжээгээр буурснаар тухайн цооногийг тойрч газар доорх усанд нөлөөлөл үзүүлдэг. Нөлөөллийн төвийн цэг болох ус олборлож буй цооногт хамгийн их усны түвшин буурч төвөөс холдох тусам усны түвшний бууралт багассаар тодорхой зайнд хүрээд газар доорх усны түвшин бууралтгүй болдог төв цэгээс бууралтгүй болох хүртэлх зайг нөлөөллийн радиус гэж нэрлэдэг. Нөлөөллийн радиусын хэмжээ нь газар доорх усны ашиглаж буй хэмжээ хугацаа тэжээгдэхээс шууд хамааралтай байдаг.

"Баян-Айраг" ХХК-ийн ашиглаж буй Хайрханы хөндийн газар доорх усны хувьд одоогийн ашиглаж байгаа А лицензийн хүдрийг баяжуулж дуусахад ашиглалтын цооногуудын нөлөөллийн радиуст хамгийн ойр орших нэг худаг орохоор байдаг. Тухайн худгийн усны түвшин 0,5 метр орчим доошлох буюу багасах тооцоо гарсан бусад худгуудад усны түвшин доошлохгүй.    

-"Баян-Айраг эксплорэйшн" ХХК жилд төчнөөн куб метр усыг ашиглах төлөвлөгөөтэй гэсэн баримт бий юу. Тухайлбал БОМТ, ТЭЗҮ-д гэх мэт?

-Тус компанийн техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсан байдаг. Мөн жил бүр тухайн жилд олборлох хүдрийн хэмжээ түүнийг баяжуулахад шаардагдах усны хэмжээг төлөвлөж усны тухай хуулийн 28.4, 28.6-д заасны дагуу холбогдох газраар ус ашиглах дүгнэлт гаргуулж гэрээ байгуулснаар ус ашиглах эрх үүсдэг. "Баян-Айраг эксплорэйшн" ХХК-ийн хувьд жил бүр "Монгол-Ус" ТӨААТҮГ-аар дүгнэлтээ гаргуулж Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаатай гэрээ байгуулан ус ашиглаж байна.

-Усны ашиглалтын шалгалт, хяналтыг танай газраас одоогийн байдлаар хэчнээн удаа явуулсан бэ? Тухайлбал жилд хэдэн удаа?

-Хяргас нуур-Завхан голын сав газрын зүгээс "Баян-Айраг эксплорэйшн" ХХК-ийн ашиглалтын үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш жилдээ хоёроос дөрвөн удаа газар дээр нь очиж хяналт шалгалтын ажлыг тогтмол хийсээр ирсэн.

-Хяналтаар ажиллаж байх үед тань зөрчлүүд гарч байсан уу. Гарсан зөрчлийг арилгуулах тал дээр танайх ямар үйл ажиллагааг авч хэрэгжүүлэв?

-Олон удаагийн хяналт шалгалтын ажлаар зөрчил дутагдлууд гарч байсан. Тухайлбал цэвэрлэх байгууламжаас гарч буй саарал усыг стандартад хүртэл цэвэршүүлж чадаагүй. Ашиглалтын цооногуудад хамгаалалтын бүс тогтоогоогүй, тоолуурын баталгаажилт дууссан байхад ашиглаж байсан зэрэг зөрчлүүдийг илрүүлж тухай бүрд нь шаардлага тавьж мэргэжил арга зүйн зөвлөмж зөвлөгөөг өгч гарсан зөрчил дутагдлыг арилгуулан ажиллаж ирсэн.

-Усны тоолуурын хяналт заалтыг сард хэдэн удаа үзэх ёстой байдаг вэ?

-Төрийн байгууллагуудын хувьд сардаа олон удаа очиж хяналт тавиад байх боломж байдаггүй. Усны тоолуурын заалт лац ломбоны бүрэн бүтэн байдалд Эрдэнэхайрхан сумын зүгээс Байгаль хамгаалагч, байцаагч, иргэдийн төлөөлөл сар бүр хяналт тавьж тоолуурын заалтыг харж үүний дагуу усны төлбөрийг төлүүлдэг.

Манай байгууллага болон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газруудын хувьд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол хийж усны тухай хуулийн хэрэгжилт ашиглалтын цооногуудын тоолуур, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа усны төлбөр төлөлт, уурхайн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажилладаг.

-Тоолуурын заалтыг нутгийн иргэд хянаж болох уу. Хуульд юм уу журамд ийм заалт бий юу?

-Хуульд тоолуурын заалтыг иргэд хянана гэсэн зүйл заалт байхгүй. Харин Эрдэнэхайрхан сумаас сар бүр ашиглалтын цооногуудад хяналт шалгалт хийж тоолуурын заалтыг авахад уг ажлын хэсэгт иргэдийн төлөөлөл оролцдог.

-Хэрэв иргэд давхар хянах боломжтой бол хэрхэн яаж хянах вэ?

-Эрдэнэхайрхан сумын хяналт шалгалтын багт иргэд төлөөллөө оруулж сар бүр хяналт тавих боломжтой.

-Одоо ашиглаж буй гүний усыг Завхан аймгийн говийн бүсийн сумдын ирээдүйн ашиглах ус гэж хэлдэг. Ийм тодорхойлолт бий юу?

-Яг ийм тодорхойлолт байхгүй. Ус болон байгалийн ямарваа нэг нөөц, баялгийг хэзээ нэг цагт улс орны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх хүн амын хэрэгцээг хангах зорилгоор ашиглах нь мэдээжийн зүйл юм. Хэзээ ямар зорилгоор хэрхэн ашиглах нь тухайн улсын төрийн бодлого юм.

-Уул уурхайн үйлдвэрлэлд гүний усыг заавал ашиглана гэсэн заалт ямар баримт, хуульд байдаг юм бол. Энэ нь зөв үү?

-Заавал гүний усыг ашиглана эсвэл заавал гадаргын усыг ашиглана гэсэн заалт хуульд байхгүй. Эрдэмтэн судлаачид, усны мэргэжлийн хүмүүсийн хувьд газар доорх усны ашиглалт хэрэглээг багасгаж гадаргын болон хур борооны усыг хуримтлуулж ашиглах, гадагш урсан гарч буй гадаргын усны нөөц баялгийг өөрийн орны газарт шингээж газар доорх усны нөөцийг нэмэгдүүлэх, голын усанд хаалт далан босгож гадаргын усны нөөц баялгаа өөрийн орны нутагт тогтоон барьж усны нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

-Нээлттэй ярилцсан Танд баярлалаа.

Холбоотой мэдээ