С.Лхагвасүрэн: Санхүүгээсээ илүү бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарал хандуулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-08-29 21:38:57

Завхан /МОНЦАМЭ/. Үндэсний үйлдвэрлэл гэхээр л хэдэн эсгий шаахай л санаанд буудаг. Тэгвэл бид энэ удаа үндэсний үйлдвэрлэлийн тоонд зүй ёсоор багтдаг эсгий шаахайг орчин үеийн загвараар урлаж багагүй хэрэглэгчтэй болоод буй "Ургана Ноос" ХХК-ийг үүсгэн байгуулагч С.Лхагвасүрэнтэй уулзаж түүний урлаж буй шинэ бүтээгдэхүүнийх нь талаар ярилцлаа. 


Өнөөдөр төр засгаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжээд хөнгөлөлттэй зээл олгосны үр дүнд загвар, өнгөө шинэчилж, эрэлт нь нийлүүлэлтээсээ давчихсан ололттой хэдий ч эсгий шаахай урлаачид өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр зүтгэсний хүчинд бүтээгдэхүүнээ Монголдоо төдийгүй гадаадад ч танигдсан брэнд болгож чаджээ. Эсгий урлал нь Монголын уламжлалт ардын гар урлал. Энэ салбарт 5000  орчим хоршоо байдгаас идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь 3600 гаруй байгаа тухай албан бус баримт байна.


-Сайн байна уу. Өдрийн мэнд хүргэе. Ноосоор хүний хэрэгцээний бүхий л зүйлсийг хийж болно гэдэг санаа анх яаж төрөв?

-Миний хувьд өмнө нь төрийн байгууллага, төрийн бус байгууллага,  уул уурхайн компани гээд ажиллаагүй салбар байхгүй. 2017 онд гэртээ хүүхдээ хардаг байсан үед аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан эсгий урлалын сургалт болох гэж байна, үүнд хамрагдаарай гэсэн зарлалыг уншаад анх сургалтад сууж байлаа. Ингээд сургалтаа амжилттай төгсөөд эсгийгээр гэрийн туурга, дээвэр тэгээд ахиад гэрийн шаахай л хийж болно гэж боддог байсан бодол маань эрс өөрчлөгдсөн. Сургалтаа төгсөөд ноос гэдэг зүйлээр чинь ямар олон төрлийн бүтээгдэхүүн хийж болохыг мэдээд ноосноос салж чадахгүй байсаар өдий хүрсэн байна.

-Бие даан үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа хэдийнээс эхэлж байв?

-Сургалтаа төгсөөд Монголын эмэгтэйчүүдийн холбооны байранд ганцаараа ноосоор хийж болох бүх зүйлийг хийж үзсээр бага зэрэг туршлага хуримтлуулсан. Хийсэн бүтээлүүдийг маань хүмүүс үнэлэн худалдан авах бүрд урам орж хоёр хүнийг ажилд авч сургаад ажиллаж эхэлсэн. Ингээд бидний хийсэн бүтээгдэхүүний борлуулалтад Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан салбар, аймгийн ЗДТГ-ынхан дэмжлэг үзүүлж хамтран ажилласнаар үйл ажиллагаа маань өргөжсөн. Улмаар нэг жил ноосны цехээ ажиллуулж байгаад уул уурхайн "Баян айраг" компаниас эсгий оймсны захиалга авч нийлүүлж эхэлсэн. Одоо цэрэг, цагдаагийн болон уул уурхайн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

-Ер нь яагаад заавал эсгий урлалыг сонгов?

-Эсгий, ноосыг хэрхэн амьдруулж, хүнд хэрэгцээтэй зүйл урлаж болохыг сургалтаар л олж авсан. Сургалтаар олж авсан мэдлэг дээрээ тулгуурлан уйгагүй ажиллаж өдөр ирэх бүр шинэ санаа төрж байсан нь энэ урлалыг илүү хөгжүүлэх, дурлах шалтгаан болсон байх. Түүнчлэн ноос бол элбэг байгаа түүхий эд шүү дээ. Өнөөдөр үнэгүйдээд байгаа хонь, тэмээний ноосыг хэрхэн яаж үнэд хүргэж хэрэгцээтэй бүтээгдэхүүн болгох вэ гэдэг бодол өдөр бүр нэмэгдэж байна. Түүгээр ч зогсохгүй хэрэглэгч, хэрэгцээ шаардлага их байх тусмаа энэ урлал, үйлдвэрлэл рүү өөрийн эрхгүй дурлаж байгаа. Өнөөдөр манай улсад байгаа хамгийн элбэг түүхий эдийг хэрхэн боловсруулах, бүтээгдэхүүн болгож байгаа сайн жишээнүүдийг харж бахархаж судалж ажил хэрэг болгох нь миний зорилго болчихлоо. Тэгээд ч залуучууд бид ажилгүй гэхээсээ илүүтэй ямарваа нэгэн зүйлийг өөрийн болгож түүндээ дурлаж илүү ихийг хийх хүсэл тэмүүлэлтэй, бас үүрэг хариуцлагаа ухамсарлах нь бидний амьдралын хэв маяг болох ёстой юм шигээ. Тэгээд ч малын ноос бол амьд түүхий эд. Ноос дулаан илч, энергитэй байдаг. Булга, туулай, үнэг гэхчлэн амьтны амийг тасалж бүтээгдэхүүн урладаггүй. Амьтны амь тасалж хувцас хийгээгүй. Харин ноос бол өөр, дулаахан,  хөнгөхөн, бат бөх, эдэлгээ сайтай, бас илч энергитэй амьд түүхий эд шүү дээ. Монголчууд бид эцэг өвгөдөөс уламжлан ирсэн малын түүхий эдийг боловсруулж амьдралын хэрэгцээндээ ашиглаж байсан арвин түүх, туршлага бий шүү дээ. Энэ бүх зүйл ноосыг бүтээгдэхүүн болгох манай цехийн зорилго, ирээдүй ололт болоод байгаа. Тиймээс манай цехийнхэн ч бүтээгдэхүүнээ урлаж байхдаа үргэлж аз жаргалтай байдаг. Яагаад ч юм цаанаасаа л сэтгэл дүүрэн байдаг шүү. Өмнө хийж байсан уул уурхайн ажлаасаа гарсандаа үргэлж баяртай байдаг.

-Танай цех хэчнээн төрлийн бүтээгдэхүүн урлаж байгаа вэ?

-Одоогоор бид 6-7 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бүх бүтээгдэхүүнээ гар аргаар хийж байгаа. Эсгий шаахай, бэлэг дурсгалын зүйлс, малгай, олбог, ширмэл ширдэг, цүнх гээд урлаж байна. Дөрвөн улирал өмсөх малгайг ч ноосоор урлаж байна. Ноосоор орчин үеийн хэв загвараа өөрсдөө гаргаад урлаж эхлэхэд үйлчлүүлэгчид их сонирхож хэрэглэж эхэлсэн. Өнөөдөр хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болоод байна. Малгайны эрэлт нэмэгдсэн  нэг шалтгаан бол манай аймгийн эмэгтэйчүүдийн холбооны гишүүн эмэгтэйчүүд тэмдэглэлт баяр ёслол, олон нийтийн үйл ажиллагаан дээр хэд хэдэн удаа манай малгайгаар ижилсэж гоёсон юм. Эндээс хараад л худалдан авагчид нэмэгдсэн. Сайн ч сурталчилгаа болсон. Тэгэхээр эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийнхээ хийсэн бүтээгдэхүүнийг дэмжиж худалдан авалт хийснээр хэний ч үйлдвэрлэл өсөн дэвждэг гэдгийг харуулж чадсан ололттой тал юм. Мөн аймаг орон нутгаас бодлогоор эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг сүүлийн гурван жил эрчимтэй дэмжиж хамтарч ажиллаж байгаа нь ч үйлдвэрлэгчдэд том дэмжлэг болж байна. Өнгөрсөн жил аймгийнхаа үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон гээд 10 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг аймгийн ЗДТГ-аас бэлгэлсэн нь бидэнд урам, дэмжлэг болсон шүү.

-Үнийн хувьд?

-Үнийн хувьд бид тухайн бүтээгдэхүүнд ногдож байгаа түүхий эд материал ажилчдын цалин, татвар, түрээс, банкны эргэн төлөлт зэргээ тооцоолж гаргасан байгаа. Өнөөдөр эсгий углааш гэхэд насанд хүрэгчдийнх нь 35000, хүүхдийнх нь 25000, малгай 25000, цүнх 45000, түлхүүрийн оосор 5000 үзэг балын сав 10000 гэх мэт үнэлгээтэй байна.

-Бүтээгдэхүүний чинь давуу тал юу бэ?

-Бүтээгдэхүүний давуу талыг ярихаас урьтаж түүхий эдийн онцлогийг ярих нь зүйтэй байх. Учир нь хонины ноос нь хүний биед олон талын ач тустай түүхий эд болохыг монголчуудын уламжлалт хэрэглээний түүх, эрдэмтдийн судалгаанаас тогтоогдсон байдаг. Энэхүү судалгаагаар хонины ноосны бусдаас давуу шинж чанар нь хүйтэнд дулаан, халуунд сэрүүн, хүний биеэс ялгарах хөлс, чийг, үнэр, хорыг өөртөө шингээж гадагшлуулдаг, галд тэсвэртэй, цахилгаанждаггүй гэх мэт хүний эрүүл мэндэд ач тустай 15 шинж чанар байдгийг эрдэмтэд тогтоосон байна.  Монголчууд эрт дээр үеэс нялх хүүхдийг хонины нэхийнд өлгийдөх, монгол гутлын оймс, эсгий гудас, ширмэл ширдэг, гэрийн бүрээс зэргээ зөвхөн хонины ноосоор хийж хэрэглэж байсан.

Малчин монгол хүн өдөр бүр зогсоо зайгүй хөдөлмөрлөж “өрх бүр үйлдвэр, хүн бүр үйлдвэрлэгч” байсаар ирсэн. Энэхүү үйлдвэрийнх нь ихэнх түүхий эд нь буянт малынх нь хишиг болох сүү, мах, ноос ноолуур, арьс шир юм. Монгол айл 2000 орчим үйлдэл шаардагддаг 1500 гаруй бүтээгдэхүүнийг гэртээ хийдэг, нүүдэлчин ахуйдаа тохирсон хялбар арга технологи, авсаархан тоног төхөөрөмжтэй байсан гэж уншиж байсан. Тэгвэл одоо ч уламжлан хадгалсаар, малынхаа хишиг буянаар амьдарсаар байгаа. Гэхдээ мартагдаж бүдгэрсээр байгаа нь ч бас цөөнгүй. Бид мал бол амьд үйлдвэр, мал бол явдаг үйлдвэр, малын амьсгалаас бусдыг ашиглаж болно гэх мэт сүржин бас үнэн үгийг ярьж заншсан. Харин хийж хэрэгжүүлж байгаа нь ямархуу билээ. Бодох л хэрэг. Бусдын үйлдвэрийн үнэт түүхий эдийг хямд үнээр бэлтгэж өгөөд, хэдэн төгрөг олсондоо сэтгэл ханан баясах, шар сүү, эвэр, туурай, яс, шөрмөс гэх мэт үнэт түүхий эдээ үнэгүйдүүлэн хөсөр хаях явдал газар сайгүй л байна. Тиймээс малын хишиг сүү, мах, ноос ноолуур, арьс ширний анхан шатны боловсруулалтыг хийж үндэсний үйлдвэрээ дэмжих нь хамгийн зөв дэмжлэг, хөгжил юм болов уу. Монгол орны эрс тэс уур амьсгалд дасан зохицсон монгол хонины ноос дулаан сайн хадгалдаг, бат бөх, галд тэсвэртэй, хиртэлт, элэгдэлт багатай, үс нь сэргэх чадвар сайтай зэрэг онцлог ба давуу чанартай. Дулаан тусгаарлах чадвар нь л гэхэд их. Тодруулбал монгол хонины ноосны ширхэг бүр нь голоороо хөндий гуурстай, гуурс нь агаараар дүүрсэн бүтэцтэй байдаг учир дулааныг сайн тусгаарладаг гэдэг юм билээ. Агаарын чийгшил их үед хонины ноос нь чийгийг шингээгээд дулаан болгон гаргадаг. Ноосон дулаалгын материал дулааныг хадгалж, чийгийг шингээн өрөө тасалгааны бичил уур амьсгалыг тогтмол байлгадаг. Үүнийг байгаль эхээс заяасан энерги үүсгэгч гэж судлаачид хэлсэн байна билээ. Мөн хонины ноос нь нэмэх 560 хэмд шатдаг учраас амархан шатдаггүй материалын тоонд ордог. Дуу, чимээ тусгаарлах, хорт бодис шингээх чанараараа илт ялгардаг. Ноосны ширхэгүүд нь боловсруулалтын явцад нэг чиглэлд эмх замбараатай зулагдах ба ширхэгүүд нь орооцолдсон байх тул сайн биежиж, хэв гажилтад хялбар орохгүй байх чадвартай байна. Хамгийн гол нь ноос бол байгалийн сэргээгдэх нөөц. Түүнийг дахин боловcруулах боломжтой, эдэлгээний хугацаа дуусахад бүрэн задарч байгальд шингэдэг. Тэгэхээр бүтээгдэхүүнээс илүү тухайн бүтээгдэхүүний түүхий эд материал маш чухал нөлөөтэй юм шиг ээ.

Ер нь эсгийгүйгээр монголчуудын амьдралыг төсөөлөх аргагүй. Монголчууд эсгийгээр орд өргөө, өрх үүд, олбог дэвсгэр, тохом тохош, уут сав, гутал оймс, цув нөмрөг, дэвсгэр хаяавч гээд ер нь юм бүрийг хийж хэрэглэж ирсэн түүхтэй. Эсгий бүтээгдэхүүн нь хүйтэнд дулаахан, халуунд сэрүүн, чийг татдаггүй, бат бөх байдаг онцлогтой учраас хүний эрүүл мэндэд их сайн. Эсгий гудас, олбог, дэвсгэр хэрэглэдэг байсан үед ууц нуруу, бөөр давсагны өвчин бага байсан гэж буурлууд ярьцгаадаг. Ямар нэгэн химийн бодис ороогүй болохоор байгалийн үнэр үнэртдэг, угааж арчлахад сунаж агшихгүй гээд давуу талыг нь дурдаад барахгүй. Монголчууд эсгийг цагаан сүүний бэлгэдэлтэй, сайн сайхныг урин дуудагч гэж ярьдаг. Тиймээс ч шинэ бэрээ цагаан эсгийн дээр алхуулж, цагаан эсгийн дээр сөгдөн тэнгэр бурхандаа мөргөдөг байсан. Өнөөдөр энэ уламжлал сэргэж байна. Гэвч нэг хэсэг эсгий урлалын уламжлал тасрах дөхсөн юм. Харин сүүлийн үед дахин сэргэж, нэр төрөл, хэв маяг нь өөрчлөгдөн хөгжиж байгаад маш их баярладаг шүү.

-Бүтээгдэхүүний борлуулалт хэр зэрэг байгаа вэ?

-Борлуулалтын хувьд бид өнгөрсөн өвөл уул уурхайн компаниудтай шууд захиалга авч ажилласан. Мөн аймгийн ЗДТГ, болон бусад төрийн болон хувийн байгууллагуудтай гэрээ байгуулснаар манай бүтээгдэхүүнийг Завхан аймагт зочлон ирж буй гийчдэд гарын бэлэг болгож өгдөг уламжлалыг бий болгосноор борлуулалт маш сайн өссөн. Хамтын ажиллагаа бол хамгийн сайн сурталчилгаа болдог юм билээ. Өнгөрсөн жилийн 11-р сард манай цех өргөжиж "Ургана Ноос" ХХК болсон. Компани болчихоор томоохон байгууллагуудтай бүтээгдэхүүнийг олноор нийлүүлэх захиалга тасралтгүй ирж байна. Бид хэрэглэгч, захиалагчдынхаа итгэлийг алдахгүйн тулд бүтээгдэхүүн бүрийг гар аргаар хийж байна. Өнөөдрийн байдлаар байнгын таван хүнийг үндсэн ажилтнаар, таван хүнийг гэрээт ажилтнаар ханган ажиллаж байна.  

-Үйлдвэрлэлийн амжилт ололтоосоо дурдвал?

-Ололт амжилтын хувьд шинээр үйлдвэрлэл эрхэлж үзэж байгаа учраас өөрчлөлт болон шинэчлэл хэрэгтэй байгааг анзаарсан. Өнөөдөр манай бүтээгдэхүүнүүд өөрийн гэсэн хэрэглэгчтэй, эрэлттэй, захиалга их байгаа нь л ололт юм. Бидэнд цаашид суралцах зүйл их байна. Өдөр бүр шинэ загвар, технологи гээд суралцах зүйл их бий.  

Анх байгуулсанаас эхлээд хэрэглэгчид яг ямар бүтээгдэхүүнийг илүү сонирхоод байна гэдэг дээр судалгаа хийсэн. Тэгээд бүтээгдэхүүнээ шууд зарах биш, эхлээд хэрэглэгчдэд үнэгүй өгч хэрэглүүлж туршсан, бас хэрэглэгчдээс санал авсны үр дүнд бүтээгдэхүүний борлуулалт ахицтай байгаа. Өнөөдөр манай эсгий малгай гэхэд даашинз, дээл, өмд гээд ямар ч хувцастай хослуулж өмсөхөд тохиромжтой. Цэрэг цагдаагийн байгууллага болон уул уурхайн ажилчид эсгий шаахайг их захиалж байна. Эсгий цүнх, гутал, түлхүүрийн оосор, үзэг балны сав гэх мэт бүтээгдэхүүнүүдийг гар дамжлагаар хийдэг болохоор бага зэрэг үнэтэй байгаа. Цаашид бид үйлдвэрлэлээ улам өргөжүүлж бүтээгдэхүүнийхээ чанар дээр маш их анхаарал хандуулж ажиллах болно. Мөн аялал жуулчлалын баазуудтай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

Танд баярлалаа.

 

Холбоотой мэдээ