Г.Төмөрхуяг: Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан сургалт явуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-30 12:21:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-ын дэргэдэх Гадаад худалдааны академи гадаад худалдаа, санхүү, бизнесийн чиглэлээр Танхимын гишүүн болон гишүүн бус ААН, байгууллагуудад 1800 удаагийн сургалт явуулж 36 мянган хүнийг хамруулаад байна.

Тус академи компанийн захирлуудад зориулсан “СЕО” сургалт, компанийн засаглалын гэрчилгээ олгох, мөн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн бэлтгэх зэрэг сургалтуудаа шинэчилж, зах зээлийн шаардлагад илүү нийцсэн байдлаар өөрчилж байна. Энэ талаар тус академийн дарга Г.Төмөрхуягаас тодрууллаа.

-Гадаад худалдааны менежерүүд худалдаа бизнес явуулахад ямар үүрэгтэй оролцдог вэ?

-Маш чухал үүрэгтэй. Манайхны ихэнх нь өнөөдөр хэрэглэгчээ сайн мэдрэхгүй, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ судлахгүйгээр гадаад худалдааг, ялангуяа түншийнхээ үгэнд найдаж хийдэг, мэргэжлийн бус яваад байна. Түншлэх хүмүүстэйгээ харилцах арга зүйгээ сайн олохгүй байна. Гэтэл өнөөдөр бүх зүйл хурдацтай өөрчлөгдөж, худалдааны хэлэлцээ бизнесийн өндөр харилцаанд хийгдэж байна. Ийм үед худалдан авагчийнхаа хэрэгцээ шаардлагаас гадна хүсэл сонирхол, хувь онцлогийг нарийн судалж бүтээгдэхүүнээ нийцүүлэх ёстой. Үүнд онол, практик талаасаа өндөр чадвар эзэмшсэн гадаад худалдааны менежерүүдийг бэлтгэх шаардлага бий болж байна.

-Компанийн захирлуудад зориулсан сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлнэ үү?

-Өнөөдөр компанийн захирал, удирдлагуудад хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагын хурдацтай өөрчлөлтөд компанийнхаа тогтвортой байдлыг хангах, бизнесийн үр ашгаа нэмэгдүүлэх, ажилтнуудынхаа бүтээмжийг дээшлүүлэх гээд олон шийдвэрлэх зүйл байнга тулгарч байдаг.

Үүнд “Захирлуудад зориулсан CEO сургалт” туслах юм. Энд хамрагдсанаар  байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйл, стратеги, мэдлэгийн болон хүний нөөцийн менежмент, манлайлан удирдах ур чадвар зэрэг удирдах ажилтнуудад нэн тэргүүнд шаардлагатай сэдвүүдээр салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн бизнесмен, эрдэмтэн багш нарын лекц сонсоно. Мөн томоохон байгууллагуудын захирлуудтай туршлага солилцож, бизнесийн хүрээгээ өргөжүүлэх боломтой юм.

-Өнөөгийн манай бизнес эрхлэгчдэд нэн хэрэгцээтэй мэдээлэл, боловсролыг яаж олгож байна вэ?

-Одоогийн залуучуудын бизнес, ажилдаа хандах хандлага их өөрчлөгдсөн байна. Гадаад худалдааг ямар нэгэн эрсдэл, хохиролгүй хийхийг илүүд үздэг болсон байна. Ингэхийн тулд наад зах нь тухайн зах зээлийн нөхцөл байдал, үнэ ханшийг судалж, маркетинг, гэрээ хэлцэл байгуулах талаар суралцах нь зүй ёсных. Мөн төлбөр тооцооны хэрэгслийг сонгох, гарал үүслийн бичиг баримтыг хаанаас хэрхэн авах, гаалийн бичиг баримтыг яаж зөв бүрдүүлэх, тээврийн ямар нөхцөл, баталгаа байна, даатгалаар эрсдэлгүй тээвэрлэх, маргаан үүсвэл хаана хандах зэрэг иж бүрэн мэдээлэл, мэдлэгийг олж авах нь чухал болсон. Эдгээр чиглэлээр манай академи мэргэжлийн багш, эрдэмтэн нараар онол, практикийг хослуулсан сургалт явуулж буйгаар давуу талтай.


-Цаг зав муутай байдаг бизнес эрхлэгчид гадаад худалдааны талаарх иж бүрэн мэдлэгийг ямар хугацаанд олж авах вэ?

-Манай академийн хичээлийн хуваарь уян хатан. Бизнес эрхлэгчид өдрийн цагаар ажил төрөлтэй байдаг учир хичээлийн хуваарийг 7 хоног бүрийн пүрэв, бямба гарагийн аль нэгийг сонгож, тухайн гарагийн 10:00-19:00 цагийн хооронд явагддаг. Нийт 15 модуль, 60-70 сэдэвтэй, 410 цагийн хичээл ордог гэсэн үг.

-Гадаад худалдааны менежер бэлтгэхээс гадна ямар сургалтууд явуулж байна вэ?

-Гадаад худалдааны менежерийн хөтөлбөрөөс гадна компани, ААН-үүдийн төлөөлөл англи хэл, санхүүгийн чиглэлээр тодорхой мэдлэг, боловсрол олж авах сонирхолтой байдаг. Иймээс энэ жилээс эхлэн бид “Бизнес англи хэл”, “Санхүүгийн менежер бэлтгэх сургалт”-ыг хөтөлбөртөө нэмж оруулаад байна. Мөн Германы хамтын ажиллагааны байгууллага (GTZ) болон Азийн сангийн төслийн хүрээнд “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд” сургалтыг зохион явуулж байгаа.


Холбоотой мэдээ