Ж.Лхагвасүрэн жанжны "Халхын гол" ном дахин хэвлэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Халхын голын фронтод Монголын цэрэг армиа удирдаж явсан залуу жанжин Жамьянгийн Лхагвасүрэнгийн "Халхын гол" номын хоёр дахь хэвлэлийг өнөөдөр нээлээ.
Зохиолч Л.Чойжилсүрэнгийн хянан тохиолдуулсан уг ном 1975 оны зургаадугаар сард өрөлтөд орж, хэвлэлтэд бэлэн болсон ч дөрвөн жилийн дараа буюу 1979 оны долоодугаар сард анх хэвлэгдсэн түүхтэй. Харин номыг ховор нандин гэрэл зураг, ишлэл, оршил хэсгээр баяжуулан хоёр дахь удаагаа хэвлэж буй нь энэ юм.
Хоёр дахь хэвлэлтийг хянан тохиолдуулсан, жанжны ууган охин Л.Лхагвадулам: "Энэ ном өмнө нь ямар ч зураггүй хэвлэгдэж байсан юм. Бид зургаар баяжуулж дахин хэвлэхдээ номын текстийг огт өөрчлөөгүй. Дайны үеийг аав тэр үеийн сэтгэгдлээрээ бичсэн нь эл зохиолыг нэлээн эрт бичсэн байх гэж бодогдуулсан" гэв.
Номын оршилд тайлбар эргэцүүлэл бичсэн цэргийн түүх судлаач, профессор хурандаа С.Баатар "Түүхийг бүтээгч, түүхийн амьд гэрч энэ хүний "Халхын гол" ном бол давтагдашгүй, үнэлж баршгүй эрдэнэс мөн. Нөгөөтэйгүүр, зөвхөн цаг хугацааны төдийгүй, нийгэм, улс төр, оюун санааны огт өөр буюу субьектив хүчин зүйлийн нөлөө хүчтэй ноёрхсон нөхцөлд бичигдсэн энэ бүтээлд зарим тодотгол, тайлбар хийх замаар нөхөн гүйцээх шаардлага байхыг үгүйсгэхгүй. Үүнийг цэргийн түүх судлаачид хийх болов уу" хэмээв.
1939 оны долоодугаар сарын эхээр БНМАУ-ын ЦЯЯ-ны сайд, бүх цэргийн жанжин Х.Чойбалсангийн тушаалыг хүлээн авч 27 настай девизийн комиссар Ж.Лхагвасүрэн дорнод хязгаарыг Японы довтлогчдоос эрс шийдвэртэйгээр хамгаалж буй фронтыг удирдах орлогч жанжнаар томилогдон Халх голыг зорьсон түүхтэй. Тэрбээр "Халхын гол" номдоо дайн эхлэхээс өмнөх үе, давшилтад бэлтгэх үе, ерөнхий давшилт, дайны төгсгөл, үр дүн, сургамжийн талаар дурсамжаа сийрүүлсэн байдаг.