Ангарагийн агаар мандалд турших нисдэг тэргийг угсарч дуусжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2019-08-30 15:20:49

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /NASA/ мэргэжилтнүүд нисэгчгүй туршилтын нисдэг тэргийг Улаан нүдэн гарагийн гадаргуу дээр 2021 оны өвөл газардуулахаар төлөвлөж буй ангарагнаа явагч “Mars 2020 Rover” шинэ аппарат дээр угсарч дуусжээ.


Шинэ аппаратад дээрх төхөөрөмжийг угсрах ажлыг Калифорни муж улсын Пасадина хотод оршдог Тийрэлтэт хөдөлгөөний лабораторид хийсэн байна.


Нарны эрчим хүчээр ажилладаг, зөөвөрлөдөг хос сэнс бүхий нисдэг тэргийг ангараг дээр явагчийн доод талд хөөргөх болон дэлхийн гадаргуугаас хөндийрөх үед механик гэмтлээс төхөөрөмжийг хамгаалах зориулалттай, бүрхүүлээр хамгаалагдсан ялтсанд бэхэлжээ. Туршилтын нислэгт тохирох Ангарагийн бүсүүдийг илрүүлсний дараа нисдэг тэрэг автоматаар гадагшаа гарах ёстой байна. Осолдсон тохиолдолд “Mars 2020 Rover”-ын судалгааны ажилд нөлөөлөхгүй аж. Нислэг амжилттай болбол Ангарагийн хоёр дахь үеийн нисдэг тэрэг бүтээх эхлэлийг тавина гэж NASA-гийн мэргэжилтнүүд тайлбарлажээ.


“Бидний ажлын гол зорилго бол Ангарагийн маш сийрэг агаар мандалд автомат, хяналттай нислэг хийх боломжтой гэдгийг нотлох юм” гэж “Mars Helicopter” төслийн менежер Мими Анг ярьсан байна.


Уг төслийн багийнхны бүтээсэн нисдэг тэрэг нь туршилтын нислэг үйлдэхэд зориулагдсан учраас шинжлэх ухааны багаж суурилаагүй байна. Хэрэв Ангарагийн агаар мандалд нисэх боломжтойг нотолж чадвал Ангарагийн нисдэг тэргүүд Улаан нүдэн гарагийг эзэмшихэд гол үүрэг гүйцэтгэх гэнэ.


NASA агентлаг “Mars 2020 Rover” аппаратыг “United Launch Alliance” компанийн “Atlas V” зөөгч пуужингаар 2020 оны долдугаар сард Флорида муж улсын Канавералын хошууны сансрын буудлаас хөөргөхөөр төлөвлөж байгаа юм. Ангараг дээр явагч 2021 оны хоёрдугаар сарын 18-нд 45 км-ийн голчтой Жезеро тогооны бүсэд газардах ёстой. Уг тогоо нь Ангарагийн экваторын хойд хэсгийн Исида тэгш газрын баруун хэсэгт оршдог ажээ. Ангараг дээр явагчийн гол даалгавар нь Улаан нүдэн гараг дээр амьдралын ул мөр хайх, геологийн бүтэц болон агаар мандлын давхаргыг нь судлах юм.


Холбоотой мэдээ