“Түмний байр” төслийн хүрээнд дахин нэг айл орон сууцтай боллоо

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2019-08-30 16:59:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээл авахад нь дэмжих зорилготой “Түмний байр” төслийн хоёр дахь өрх өнөөдөр шинэ байрандаа орж, түлхүүр гардлаа.

“Ханан шишгэд” ХХК-ийн хэрэгжүүлж буй дээрх төсөл энэ оны долоодугаар сард эхэлсэн бөгөөд нээлтийн үеэр Т.Ундармаа гэх багш бүсгүйд нэг өрөө байр бэлэглэсэн юм. Харин өнөөдөр тус төслийн дэмжлэгээр иргэн С.Баттулга шинэ орон сууцандаа орж буй юм.



Энэ талаар “Ханан шишгэд” ХХК-ийн Ерөнхий захирал С.Мөнхбат, “Орон сууцанд орох хүсэлтэй, ипотекийн зээлийн шалгуур болох урьдчилгаа 30 хувийнхаа 20-ийг нь бүрдүүлсэн өрх олон бий. Тиймээс манай компани төслийн хүрээнд урьдчилгаа төлбөрийн 10 хувийг буцалтгүй тусламжаар олгож, банкны шалгуурт баталгаа гаргаж байна. Манай төсөл 2024 он хүртэл хэрэгжих бөгөөд нээлтээ хийснээс хойш 17 мянга гаруй иргэнээс хүсэлт ирсэн. Үүнээс нээлттэй сонгон шалгаруулалт явуулан, тодорхой шалгуур тавьж өнөөдөр хоёр дахь өрхөө орон сууцанд орууллаа. Манай компани гадаад худалдаа, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын чулууг хөндөж, баялгийг олборлож ашиг олж байгаагийн хувьд нийгмийн өмнө хариуцлага хүлээх ёстой гэж үзэж, “Түмний байр” төслийг эхлүүлсэн. Монголын баялгийн үр шим нь  иргэдэд ч бодитой хүрэх ёстой” хэмээв.


“Түмний байр” төслийн хүрээнд орон сууцтай болсон иргэн Б.Баттулга, “Манай гэр бүл орон сууцтай болохын тулд олон жил зүтгэсэн. Манай гэр бүл өөрсдийнхөө хүчээр урьдчилгаа бүрдүүлж, орон сууцанд орно гэвэл дахиад дөрвөөс таван жил хөдөлмөрлөх хэрэгтэй болно. “Түмний байр” төслийн талаарх мэдээллийг аваад хамгийн түрүүнд бүртгүүлж байлаа. Төслийн үр шимийг хүртэж буйдаа туйлын баяртай байна. Энэ төсөл ипотекийн зээл авах боломжтой ч, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж чадахгүй байгаа өрхүүдээ дэмжих нүдээ олсон алхам юм” гэлээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх буюу 80 хувь гэр хорооллын өрхүүдийн утаанаас үүдэлтэй. Үүнийг бууруулах хамгийн зөв алхам нь иргэдийг орон сууцжуулах юм. Тиймээс орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдийг урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэхэд дэмжих нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хамгийн бодит алхам хэмээн харснаа “Ханан шишгэд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтангэрэл онцолсон юм.

Холбоотой мэдээ