Тусгай олимпын үнэт зүйлүүдийн нэг нь дэмжин тоглогч юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-09-02 21:09:24

Завхан /МОНЦАМЭ/. Завханд Монголын Тусгай олимпын хорооноос хэрэгжүүлж буй "Хамтарсан фитнес хөтөлбөр"-т энэ намар 25 хүүхэд хамрагдаж байна. Энэхүү хөтөлбөрийг сүүлийн хоёр жил Завхан Спиннинг клуб, Монголын Тусгай олимпын хороотой хамтран оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучуудын дунд амжилттай хэрэгжүүлж байгаа ажээ.

Энэ удаагийн хөтөлбөрт оюуны бэрхшээлтэй 12 хүүхэд, дэмжин тоглогч, сайн дурын ажилчид хамрагдаж байна. Хөтөлбөрийн үр дүнд хүүхдүүд бие бялдар, сэтгэлзүйн хувьд ахисан шатанд хүрсэн төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ялгаварлан гадуурхахгүй, найз нөхөд болох, тэднийг ойлгох дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд илүү өөртэй итгэлтэй болжээ. Хөтөлбөрийн зорилтот хүүхдүүд долоо хоногт гурван өдөр олон талт фитнес, спортын хэд хэдэн төрлөөр хичээллэдэг байна. 

Ингэснээр оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн бие бялдрын хувьд маш том өөрчлөлт ордог. Энгийн хүүхдүүд энэ хөтөлбөрийг илүү үр дүнтэй болгоход санаачилга гаргаж өөр олон төрлийн спортоор хамтдаа хичээллэж байна. Хөтөлбөрийн хүүхдүүд хамтран хичээлийн бус цагаар олон нийтийн сайн дурын үйл ажиллагааны нэг баг болж оролцож байсан түүх бий. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг гадуурхахгүй байх, олон нийтэд тэдний чадварыг ойлгуулсан сайн жишээнүүд ч бий. Энэ намрын хөтөлбөрийн хүүхдүүд чөлөөт цагаа хамтдаа өнгөрөөх зорилгоор спортоор нөхөрлөж буй нь бас нэг давуу тал юм. Зохион байгуулагчдаас жил бүр хөтөлбөрийг үргэлжлүүлэн явуулах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ илүү олон оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулахыг зорьж байгаа. Ер нь Тусгай олимпын үнэт зүйлүүдийн нэг нь дэмжин тоглогч буюу сайн дурын сурагчид болон сайн дурын ажилчид юм гэдгийг энэ дашрамд дуулгая хэмээн Монголын Тусгай олимпын хорооны Завхан дахь төлөөлөгч Л.Олонбаяр мэдээлэв.

Холбоотой мэдээ