“Хурд” хамтлагийн соён гэгээрлийн ажил Хөвсгөл аймагт эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-31 15:09:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Хурд” хамтлагийн санаачилсан “Хайртай” соён гэгээрлийн үйл ажиллагаа Хөвсгөл аймагт эхлэв. Хөвсгөлийнхөн тэднийг Алунгоо хатан эхийн эв эеийн бэлгэдэл болсон таван сум барин угтсан байна.

Энэ үеэр “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “Хөвсгөлийнхөн үнэхээр их сэтгэл гаргаж, халуун дотноор угтлаа. Энэ сайхан нутагт ирсэн цагаас эхлэн сэтгэл огшиж байна. Бид  урлаг, дуу хөгжмөөр дамжуулан нийгэмд хайрыг түгээх, соён гэгээрүүлэх зорилготой явна" гэв.

Аяны хүрээнд тус хамтлагийнхан хууль хяналтын байгууллагын албан хаагчдад "Эр хүний ноён нуруу" сэдэвт уулзалт ярилцлага, "Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан" сэдвээр илтгэл, лекц зохион байгуулна. Өнөөдөр өсвөр насны хөвгүүдтэй уулзаж, Хотгойдын баатар Чингүнжавын талбайд “Хайртай” тоглолтоо хийх юм байна.

Холбоотой мэдээ