Арвайхээр суманд хоёр шинэ сургууль нээлтээ хийлээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-09-02 13:24:24

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн боловсролын салбар шинэ хичээлийн жилийн эрдмийн баяраа олон бэлэгтэй угтаж байна. УИХ, Засгийн газраас орон нутаг дахь сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулах, орчин нөхцөлийг сайжруулахаар багагүй хөрөнгө оруулалт хийж байгаагийн үр дүнд Арвайхээр сумын сургууль хоёроор нэмэгдлээ.

9 дүгээр сарын 1-ний өдөр Арвайхээр хотноо ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, “Тэмүүлэл - Эрдэм” сургууль үүдээ нээж, хамран сургах тойргийн хүүхдүүд будаг нь үнэртсэн шинэхэн анги танхимдаа хичээлээ эхлүүлээд байна.

Арвайхээр, Хархорин, Нарийнтээл суманд тус бүр 320 хүүхдийн сургууль энэ ондоо багтан ашиглалтад орохоор баригдаж байгаа бол Арвайхээр суманд 2, 4 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийг барьж, ашиглалтад оруулахад бэлэн болоод байгаа юм.  

Түүнчлэн хүүхдүүдийн сэтгэлд нийцэж, талархлыг хүлээсэн нэг бүтээн байгуулалт бол сагсанбөмбөг, хөл бөмбөгийн талбай. Улсын болон орон нутгийн төсөв хөрөнгөөр ерөнхий боловсролын 6 сургуульд биеийн тамирын цогц талбай байгуулж байгаа ба одоогоор Арвайхээрийн 1 дүгээр сургуулийн талбай ашиглалтад бүрэн ороод байна.

Холбоотой мэдээ