Есөнбулаг сумын дөрөвдүгээр сургууль төр, нийгмийн зүтгэлтэн Ц.Дашдоржийн нэрэмжит боллоо

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-09-02 21:20:49

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын дөрөвдүгээр сургууль 2019-2020 оны шинэ хичээлийн жилийн нээлтээ өнөөдөр хийж, төр нийгмийн зүтгэлтэн, УИХ, Засгийн газрын гишүүн агсан Цэдэвийн Дашдоржийн нэрэмжит болгосноо олон нийтэд албан ёсоор танилцууллаа.

Есөнбулаг сумын дөрөвдүгээр сургуулийг түүний нэрэмжит болгох ёслолын ажиллагаанд тус аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Засаг дарга В.Рэнцэндорж, Ц.Дашдорж агсны үүсгэн байгуулж тэргүүлж ирсэн “Алтайн хөгжил-XXI зуун” ТББ-ын тэргүүн Ц.Баянмөнх, “Алтайн хөгжил” 21-р зуун ТББ-ын Гүйцэтгэх захирал Д.Нарантэмүүжин, дөрөвдүгээр сүргуулийн захирал Ч.Сэндэрмаа болон сургуулийн хамт олон, сурагчид, эцэг эхчүүд оролцлоо. 

Мөн үеэр “Алтайн хөгжил-XXI зуун” төрийн бус байгууллагын зүгээс тус сургуулийг Ц.Дашдорж агсны нэрэмжит болгож байгаад баярлаж буйгаа илэрхийлж 23.1 сая төгрөгийн өртөг бүхий гадаад хэлний лингафоны танхимыг иж бүрнээр нь тохижуулан бэлэглэж байгааг Ц.Дашдорж агсны хүү Д.Нарантэмүүжин гардуулан өглөө. Тэрээр цаашид ч уг сургуулийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ, Засгийн газрын гишүүн агсан Ц.Дашдоржийн нэрэмжит болгосонтой холбогдуулан түүний хийж байсан үйл хэргийг олон нийтэд сурталчлан танилцуулах зорилгоор гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн олны хүртээл болгов. Түүнчлэн сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн багш нар, хүндэт эцэг эхчүүд, нийт сурагчиддаа зориулж "Хишигтэн" хамтлаг морин хуурын аялгууг эгшиглүүлсэнээс гадна “Жавхлант үрсийн дуулал” найрал дууны дугуйлангийн сурагчид дуу хуураа өргөн хүрэлцэн ирсэн зочдын сонорыг мялаалаа.