Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.В.Гордеев нар уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Алексей Васильевич Гордеев тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас гарсан шийдвэр, гарын үсэг зурсан 60 гаруй хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллаж буйгаа онцлов. Мөн тэрээр, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 22-р хурал амжилттай болж, орон сууцны өмчлөл шийдвэрлэх, УБТЗ-ын талаарх баримтлах бодлогыг шинэчлэх зэрэг олон жил хүлээгдсэн асуудалд нэгдсэн байр сууринд хүрсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх хүрээнд, ОХУ-аас Дорноговь аймагт хөрөнгө оруулж, шинэ сум барьж төлөвлөсөн ажлуудаа цаг хугацаанд нь гүйцэтгэж, амжилттай хэрэгжүүлж байгаад талархаж буйгаа хэллээ.
ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.В.Гордеев, хоёр орон Халх голын дайнд хамтын ялалт байгуулсны 80 жилийн ойн үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Монгол Улсад айлчилж байгаа нь нэн чухал. Стратегийн түншлэл, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлэх нь гарцаагүй. Айлчлалаар хэд хэдэн гэрээ хэлэлцээр хийнэ. Монголын ард түмэн Эрхүү мужийн байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлсэнд ихээхэн талархаж байна гэлээ.
Уулзалтын дараа Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Засгийн газрын Орлогч дарга А.В.Гордеев нар Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан гаргасан шуудангийн маркыг нээх ёслолд оролцсон юм.