Бага нуурт үхсэн шувуудын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-09-03 12:12:23

Завхан /МОНЦАМЭ/Завханы Дөрвөлжин сумын Онц багийн Бага нуурын усанд бор галуу, цахлай, алаг нугас нийлсэн 30 орчим усны шувуу үхсэн тухай дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагууд тухайн газарт ажиллаад иржээ.

Тодруулбал 2019 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 13.50 цагт дээрх газарт 20 орчим шувуу өвчилсөн байдалтай байна гэсэн мэдээллийг Дөрвөлжин сумын Засаг дарга Ч.Батдөл аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ. Мэдээллийн дагуу Завхан аймгийн Онцгой комисс наймдугаар сарын 31-ний өдрийн 08.00 цагт хуралдаж Онцгой байдлын газрын хоёр, Цагдаагийн газрын тав, Зоонозын өвчин судлалын төвийн хоёр, Мал эмнэлэг үржлийн газрын хоёр, Эрүүл мэндийн газрын нэг, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нэг, Ус цаг уур орчны шинжилгээний газрын нэг, нутгийн захиргааны байгууллагын хоёр, нийт 14 алба хаагч, хоёр автомашинтай очиж энэ сарын 1-ний өдөр үхсэн шувуудаас дээж авч, үхсэн шувуудыг булж ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Түүнчлэн үхсэн шувуудаас авсан дээжийг Улсын Мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори руу илгээсэн байна. Шинжилгээний хариу маргааш гарах тухай аймгийн Онцгой комисс мэдээлэв.

 Нуурт ажиллаж буй ажлын хэсгийн

ажиллах хугацааг сунгав

9 дүгээр сарын 2-ний өдрийн 19.00 цагт Завхан аймгийн Онцгой комисс дахин хуралдаж үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нуурт ажиллаж буй хүмүүсийн хугацааг сунгах шийдвэрийг гаргажээ.

Түүнчлэн нуурт ажиллаж буй холбогдох мэргэжлийн байгууллагын ажилчдад ариутгал, халдваргүйжүүлэлтийн хувцас хэрэглэл, хоол хүнс, шатахуунаар нэмэлт хангалт хийхээр шийдвэрлэсэн байна. Маргааш буюу 9 дүгээр сарын 3-ны өдөр Улиастайгаас Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваагаар ахлуулсан ажлын хэсэг нуурт нэмэлт хангалт хийж ажиллахаар болов. Өнөөдрийн байдлаар нуурт үхсэн шувуудын тоо нэмэгдэж байгаа бөгөөд үхсэн шувуудыг устгах, ариутгах, халдваргүйжүүлэх ажил үргэлжилж байна. Бага нуур нь Завхан аймгийн төв Улиастайгаас 450 км, Дөрвөлжин сумаас 300 км, Дөргөн нуураас таван км, Завхан, Говь-Алтай, Ховд аймгийн зааг нутагт оршдог аж. Өнгөрсөн жил Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын нутаг Сангийн далай нуурт шувууд олноор үхсэн нөхцөл байдалтай ижил төстэй шинж тэмдгүүд илэрсэн тухай аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. 

Холбоотой мэдээ