Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг угтан авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-03 13:49:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга манай улсад айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинийг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр 13.15 цагт угтан авав. 


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг дагалдан тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Засгийн газрын Орлогч дарга Алексей Гордеев, Эрчим хүчний сайд Александр Новак, “Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин нар хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэт зочныг Шадар сайд Ө.Энхтүвшин, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, ЕТГ-ын дарга З.Энхболд, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарын хамтаар тоссон юм. 


Хүндэт харуул жагсаж, найрал хөгжим эгшиглэн, баатрын хувцасаар жигдэрсэн морьт цэргүүд зочдыг угтаж байв. Монгол үндэсний хувцастай охин Оросын удирдагчид цэцэг барин мэндчилсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зочны хамтаар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлээд, Төрийн ордны Баганат танхимд морилов.


ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ бичиж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хамтаар дурсгалын гэрэл зураг авахуулав. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэм зочныг Төрийн ордны ёслол хүндэтгэлийн Гэр цогцолборт урьж, уулзаж байна.


Үүний дараа хоёр улсын удирдагчид Төрийн ордноо албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Хэлэлцээрийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурах юм. Энэхүү суурь хэлэлцээрийн дараа 10 гэрээ, хэлэлцээр байгуулах тухай яригдаж байгаагийн тав нь байгууллага хоорондын хэлэлцээр аж.



Айлчлалын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхана. 


Монгол, Оросын Ерөнхийлөгч нар айлчлалын хүрээнд Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлд оролцохоор төлөвлөж байна. Тухайлбал, үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын  Ерөнхийлөгч В.В.Путин нар ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, Их тэнгэр цогцолборт ахмад дайчдын хамт хүндэтгэлийн зоог барина.


ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас онцгой үүргийн нислэгээр оройн 19.00 цагийн орчимд мордох юм.

Холбоотой мэдээ