Р.Байгал: Энергийн хууль бол байгалийн хатуу зарчмаар үйлчилдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2019-09-04 15:17:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтээр эмгүй буюу праник /энерги/ эмчилгээг сонгох болж байна. Тиймээс Монголын Иогчдын холбоо АНУ-аас багш урьж, энэ сарын 6-8-нд сургалт явуулахаар болжээ. Энэ тухай тус холбооны хүндэт ерөнхийлөгч Р.Байгалтай ярилцлаа.

- Манай улсад энэхүү эмчилгээг нэвтрүүлээд нэлээн хэдэн жил болж байна. Энэ эмчилгээний тухай болон энэ удаагийн сургалтын талаар яриагаа эхлэх үү?

 -Праник эмчилгээ бол амьдралын энергийг ашиглан хүний биеийг эмчлэх эртний ухаан. Өөрөөр хэлбэл, тус эмчилгээ нь орчин үеийн анагаах ухааныг орлох бус түүнтэй хослуулдгаараа онцлогтой. Праник эмчилгээг Чоа Кок Суй хэмээх мастер багш боловсруулж, дэлхий даяар дэлгэрүүлсэн. Ингэхдээ манай багш 20 жилийн турш өөрийн махан бие болон аура хүрдэд бусдын өвчин зовлонг тусгах замаар туршилт хийж, олон хүмүүсийг эмчилсэн. Ийнхүү дэлхий даяар 12 мастер багшийг бэлтгэсэн юм билээ. Тэдний нэг доктор, профессор Мелонна Мендоза багш монголчуудад сургалт явуулахаар ирж байгаа. Тэр хүн Америкийн Эх нялхсын төвд мэс заслын эмчээр ажиллахаас гадна, 20 гаруй жил праник эмчилгээг давхар хийж дэлхий даяар зааж, хүмүүсийг эмчилж байгаа юм. Манай энэ багш 2014 оноос хойш жил бүр Монголд ирж олон шавь сурагчтай болсон. Мөн энэ эмчилгээг Монголд нэвтрүүлэхэд сэтгэлзүйч Э.Дуламдари багш их үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр Америкт праник эмчилгээгээр зургаан жил суралцсан. Одоо Швейцар улсад суралцаад дээд гэгээрэлд хүрэх зорилготой яваа. Эдгээр багш нарын ачаар энэ эмчилгээ манайд нэвтэрсэн. Одоогоор дэлхийн 150 гаруй  оронд хэрэглэж байна.

- Энэ эмчилгээний үр дүнг мэдэрсэн хүмүүс аль хэр олон байна вэ. Анхны сургалтад хэчнээн хүн хамрагдсан бэ?

-Манай улсад анх 2014 оны 9 дүгээр сард хоёр мастер багш ирж, анхан шатны праник эмчилгээний сургалт зохион байгуулсан. Тухайн үед эмч мэргэжилтэй, иогийн багш нар болон энергийн чиглэлээр ажилладаг 80 гаруй хүн хамрагдсан. Энэ удаагийн сургалтад бүх мэргэжлийн, 18-аас дээш насны хүн хамрагдах боломжтой.

-Сургалтад хамрагдсанаар, өөрийгөө энергиэр эмчлэх чадвартай болно гэсэн үг үү?  

-Энэ сарын 6-ны өдөр “Прана ба Иогийн нэгдэл” сэдвээр иогийн багш, иогоор хичээллэдэг, бясалгал хийдэг болон бусад хүмүүст зориулан сургалт явуулна. Сургалтаар хүний биеийн энергийн талаарх ойлголт, бохир энергиэс яаж аура биеэ болон хүрдүүдээ цэвэрлэх, хүнийг эрч хүч дүүрэн энергижүүлэх гэх мэт арга техникийг заана. Энэхүү сургалтад, ялангуяа иогийн залуу багш нарыг суухыг уриалж байна. Сургалтад хамрагдсанаар иогийн дасгал хөдөлгөөн нь хүний биеийн аура болон хүрдүүдэд хэрхэн холбогдож нөлөөлдгийг ойлгож мэдэх юм.

-Праник эмчилгээгээр өвчин эмгэг нь илааршсан тохиолдлын тухай хэлж болох уу. Ер нь ямар өвчнийг анагаах чадалтай вэ, эмчилж чадахгүй өвчин гэж байна уу?

-Бүх өвчнийг эмчилж болно. Хавдар, санаа сэтгэлийн хямрал, сэтгэлийн гутрал, амьдрал нь бүтэлгүй байгаа, архи, тамхинд донтсон хэн ч гэсэн праник эмчилгээний бясалгалаар хичээллэж болно. Сургалт үнэ төлбөргүй. Хэд хэдэн удаа суухад биеийн энерги нэмэгдэж, амьдралын баяр баясгаланг мэдэрч эхэлнэ. Яагаад гэвэл хүний титэм, суурь хүрдний энерги цэвэрлэгддэг. Эрүүл саруул, аз жаргалтай, баяр баясгалантай амьдрах нь хүнээс өөрөөс нь шалтгаална. Мөн өвчин зовлон тусах, үхэлд хүрэх нь бидний энерги аура хүрдийн гэмтлээс болдог. Праник эмчилгээгээр өөрийн биед буй аура 11 хүрдээр өөрийгөө эрүүл саруул авч явах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хэл аманд хүрсэн үед түүнээс зайлуулах, гэр орноо ариутгах, хол зайнаас энерги дамжуулж эмчлэх аргыг хэрэглэдэг. Хүний биед ахар сүүлнээс дээш зулайн орой хүртэл байрлаж буй хүрд чөлөөтэй урсаж байх ёстой. Хүн амьсгалаар сайн энергийг сансраас авч хүрдээр дамжуулан, эргэж гаргаад, бохирдсон энерги нь сансарт цацагдан эрүүлжиж байдаг. Тухайлбал, тав хүртэлх насны хүүхдийн аура хүрд эрчимтэй ажилладаг учраас энерги ихтэй байдаг. Праник эмчилгээний гол зорилго бол хүн өөрийн дотор байгаа хүрд, биеийг тойрсон, хамгаалж байгаа аура бүрхүүлээ эрүүл зөв авч явбал өвдөхгүй, стресст өртөхгүй, гэр бүл, орчин тойрноо баяр баясгалантай авч явах боломжтой гэдгийг “Хос зүрхний бясалгал”, праник эмчилгээгээр бидэнд зааж сургасныг ард түмэндээ энэхүү сургалтаар таниулах юм.

-Праник эмчилгээг мэргэжлийн эмч нар илүү сайн хийх тал байх уу?

-Праник эмчилгээнд суралцах хүн заавал эмч байх шаардлагагүй, хэдэн настай ч байж болно. Өөрөө сонирхоод, энергийн мэдрэмжтэй хүн бол анхан шатны сургалтад суугаад энергийн талаар мэдлэгтэй болдог. Мөн өөрийн энергийг шалгахаас гадна хүний энергийг шалгах, бөглөрсөн тагларсан энергийн хүрдийг эмчлэх чадвар эзэмшинэ. Олон хүн праник эмчилгээгээр хичээллээд Монголд 2014 онд “Прана” төвийг нээсэн. Гурван монгол багш эрхээ аваад, одоо ажиллуулж байна. Праник эмчилгээний бясалгалын хичээлийн 6 шатыг дамжсаны дараа багшлах эрхтэй болно. Анхан шатны курс төгсөөд бие биеэ эмчлэх эрхтэй болдог. Америкаас сертификат нь ирдэг юм. Мөн бясалгалд гаднаас сууж байгаа хүмүүсийг эмчилдэг. Тухайлбал, бөөр, зүрх нь өвдөж байгаа хүний аура хүрдийг хэмжин, энерги өгдөг.

-Эмчилгээний аргыг илүү тодорхой тайлбарлаж өгнө үү. Зайнаас эмчилдэг юм уу, ховсдох  маягаар эмчилдэг үү?

-Эмчилгээний арга их нарийн, бохир энергиэ давстай усанд хаяна, цэвэр энерги өгөхдөө өөрийн гараас оюун бодлоор энергиэ нэмж хүртээнэ. Хүртээсэн энергиэ тогтворжуулна, эмчилсэн хүнээсээ өөрийн биеийг тасална. Хэрэв тэгэхгүй бол тэр хүний бохир энерги эмчилж буй хүнд ирээд, эмчлэгч өвчилнө. Нарийн тогтсон заалттай. Түүнээс хэн дуртай нь аура хүрдийг үзэж, энерги өгч байна гээд дураараа эмчлэх юм бол хэн хэнд нь хортой.

-Таныг Монголын иогийн анхны багш гэлцдэг. Та өөрийнхөө талаар танилцуулна уу?

-Би эмч мэргэжилтэй, хүний эрүүл мэндийн төлөө 40 гаруй жил ажилласан. Сүүлийн 20 гаруй жил иог, дасгалаар хүмүүсийг эмчилж байна. Тэтгэвэртээ гарснаас хойш иогийг таслахгүй, залууст сургаж байна. 2010 оноос Монголд “Мандала” иогийн төв байгуулагдсанаас хойш намайг урьж ажиллуулж байгаа. Манайд 100 гаруй иогийн багш бий. Иогчид ард түмнийг эмгүйгээр эмчлэх, оюуныг нь хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Иог гэдэг ямар нэг зүйлийг нэгтгэх, төвлөрүүлэх, зангидах гэсэн утгатай. Манай Монголд нэвтэрсэн нь хатха иог. Ха гэдэг нь нар, тха гэдэг нь сар гэсэн үг. Тэгэхээр бид нар, сарны энергиэр амьдарч байна. Хүн  эерэг, сөрөг энергийн дунд амьдарч байдаг. Уламжлалт ухаанаар ин, ян гэж ярьдаг. Тиймээс бид энергийн гурван сувгаар ин, ян энергийг зөв зохицуулж эргэлдүүлж байж эрүүл саруул амьдардаг. Иогийн багш нар өөрийгөө эрүүлжүүлж бие бялдар, оюун санааны хөгжилтэй болдог. Иог дотроо маш олон салбараар хөгжиж байна.

-Таны наснаасаа залуу харагдаж байгаагийн нууц нь иогоор хичээллэсэндээ байгаа болов уу. Анх яагаад иогоор хичээллэх болов?

-Миний нас нэлээн өндөр л дөө. Манай үеийнхэн болон таньдаг улсууд маань “та, яг хэвээрээ байна” гэдэг. Би түүнд нь баярлаж явдаг юм. Иог надад үнэхээр нөлөөлсөн. Социализмын үеийн эмч бид хүний эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж, хамаг хүчээ зориулдаг байлаа. Би бие муутай болохоор иогоор хичээллэх сонирхолтой байсан. Манай улсын болон Энэтхэгийн ЭМЯ-ны хамтын ажиллагааны шугамаар Энэтхэгт очиж суралцах завшаан тохиолдсон. Түүнээс хойш 1989 оноос хэд хэдэн удаа багш урьж, мэргэжлийн эмч бэлдэж эхэлсэн. Үндэсний том том эмнэлэгт иогийн эмчилгээний тасаг ажиллуулж байгаад 1990-ээд оноос зогсонги байдалд орж, 2010 оноос иог хөгжиж байна. Миний хувьд иогийг өөрийн биеэр мэдрэхээс гадна бусдад зааж мэдрүүлсэн. Иогоор хичээллэдэг, мөн эмч хүний хувьд, праник эмчилгээг Монголд нэвтрүүлэхэд надад их ойр байсан.

-Та иогийн дасгал тогтмол хийдэг үү?

-Өдөр бүр хичээллэж чадахгүй ч, хийхийг хичээдэг. Биеэ халаах, хөшихгүй байх, цусны эргэлтээ сайжруулах, тайвшрах  зорилгоор дасгал хийдэг. Иогт цэвэрлэгээний дасгал чухал. Тиймээс ходоод угаах, хамар цэвэрлэх дасгалыг тогтмол хийдэг.

-Олон жил иогоор хичээллэж, бусдад түгээсэн хүний хувьд сайн шавь нараа нэрлэнэ үү?

-Хэд хэдэн шавь бий. Нэгдүгээр эмнэлэгт сувилагч хийдэг байсан Н.Лхагважав, одоо хөдөө ажиллаж байгаа. Мөн Г.Хандсүрэн, Д.Дэлгэрмаа гэж праник эмчилгээний багш байна.

-Олон нийтийн сүлжээнд, бөө, лам, праник гэхчлэн иргэдийг хуурч байгааг цэгцлэх хэрэгтэй гэж цөөнгүй бичдэг. Үүнд та юу гэж хариулах вэ?

- Манай улсад энергийн эмчилгээгээр хүн эмчилдэг эмч болон эмч бус хүмүүс олон бий. Тиймээс хүн хуурч болохгүй. Энергийн хууль гэдэг бол байгалийн маш хатуу зарчимтай, хүнтэй тооцоо боддог. Тиймээс иог хийж байгаа улсууд болон залуу багш нар мэдлэгээ улам хөгжүүлээсэй гэж боддог. 


Холбоотой мэдээ