“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт удаашралтай байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-09-04 16:58:03

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгээс авсан мэдээллээр "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт удаашралтай байгааг хэлж байнаИймээс иргэн бүр өөрийн эрүүл мэнддээ анхаарч, шинжилгээндээ хамрагдахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. 


2017 онд батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр өдгөө хоёр дахь үе шатаа үргэлжлүүлж байна. “Хепатитийн В, С вирусийн эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд 40-65 насны зорилтот насны иргэдийг хамруулах “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нэгдүгээр шатны үйл ажиллагаа амжилттай хэрэгжсэн. 

 

Үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатанд 15-39 насны 1.2 сая хүнийг хамруулахаар төлөвлөсөн. Мөн уг хөтөлбөрийн нэгдүгээр шатанд илрүүлэг, шинжилгээнд хамрагдаж амжаагүй 40-65 насны иргэдээ ч үргэлжлүүлэн хамруулна. Эрүүл мэндийн даатгалын сангаас эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт 10.2 тэрбум, хепатитийн С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 4.9 тэрбум, С вирусийн эмчилгээний эмийн хөнгөлөлтөд 18.4 тэрбум төгрөгийг санхүүжүүлж байгаа юм.

 

Гэвч шинжилгээнээс эхлээд эмчилгээний зардлыг хүртэл төр хариуцаж буй энэ цаг үед иргэд өөрсдөө хариуцлагатай хандах нь чухал байна. Хепатитийн В, С вирусийн эрт илрүүлэг, оношилгоог харьяа өрхийн эрүүл мэндийн байгууллагадаа үнэ төлбөргүй өгнө. Хэрэв шинжилгээний хариу сөрөг гарвал тайвшрах болоогүй. Учир нь танд 15 жилийн баталгаатай дархлаажуулалтын вакцинд үнэ төлбөргүй хамрагдах сонголт бий. Харин шинжилгээний хариу С, В вирусийн аль нэг нь эерэг гарвал эрүүл мэндийн хоёр дахь шатлалын байгууллага буюу нэгдсэн эмнэлэгт хандаж вирус тоолуулах шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдана. Дараа нь хуваарийн дагуу уух эмийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зөвшөөрөгдсөн эмийн сангаар дамжуулж худалдан авна. 


Элэгний өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралтаас ард иргэдээ хамгаалсан энэхүү чухал хөтөлбөр хэрэгжсэнээр хүн амын дунд хепатитийн В, С вирусийн халдварын тархалтыг хязгаарлан, шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, хепатитийн вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах зорилго тавьжээ.

 

Холбоотой мэдээ