Хүүхдийн спортын VI наадамд оролцох тамирчдад туг гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-05 10:48:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод энэ сарын 6-15-ны өдрүүдэд болох Хүүхдийн спортын VI наадамд оролцох тамирчдыг өчигдөр аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавал хүлээн авч уулзаж, аймгийн тугийг гардууллаа.

Засгийн газрын 2018 оны 318 дугаар тогтоолоор тус спортын наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар тогтсон. Энэ жилийн наадамд улсын хэмжээний 400 орчим сургуулиас 44 мянган тамирчин оролцож гар бөмбөг, футзал, хүндийн өргөлт, ширээний теннис, бокс, таэквондо, шатар, даам зэрэг спортын есөн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх аж.  

Харин Баян-Өлгий аймгаас 82 тамирчин сурагч оролцоно. Тамирчдын унаа, хувцасны зардалд зориулж найман сая 300 мянган төгрөгийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэжээ.

Аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавал спортын наадамд аймгаа төлөөлөн оролцох тамирчдад амжилт хүсэж, арвин их амжилт гаргахыг ерөөлөө.   

Холбоотой мэдээ