Токиогийн Олимп: хэт халуунтай тэмцэхийн тулд хиймэл цас туршина

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-09-05 12:54:02

ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хотноо зохион байгуулах Олимп, Паралимпын наадмын каноэ завины уралдааны туршилтын тэмцээн ирэх долоо хоногт болно. Уг арга хэмжээний үеэр тамирчдыг наранд цохиулахаас сэргийлэх зорилгоор хиймэл цас оруулахаар төлөвлөж байна.


Ирэх онд болох Токиогийн Олимпын наадамд бэлтгэн туршилтын арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа бөгөөд хэт халууны улмаас тамирчид болон үзэгчдийн эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдлүүдийг бууруулахаар ажиллаж байгаа ажээ.


Өнгөрсөн наймдугаар сард Олимпын туршилтын арга хэмжээнүүдийн нэг болох сэлүүрт завины аварга шалгаруулах тэмцээнд оролцсон зарим тамирчин наранд цохиулсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулагчид хэт халууныг зохицуулахад ихээхэн анхаарах болжээ.  


"Есдүгээр сарын 12-нд эхлэх каноэ завины тэмцээний үеэр хиймэл цас оруулахаар төлөвлөж байна" гэж Токиогийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлжээ. Цас оруулагч жижиг машинууд нь өдөрт нэг тонн орчим цас оруулах хүчин чадалтай аж.


Технологийг ашиглан хэт халуунтай тэмцэх боломжийг нээсэнд баяртай байгаагаа Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгч илэрхийлээд, уг арга хэмжээ үр дүнтэй болвол “Токио-2020”-ийн үеэр хиймэл цас оруулна гэж хэлжээ. 

Холбоотой мэдээ