Япон улстай ноос, ноолуурын салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2019-09-05 15:06:57
@ShoovdorBatbold

Владивосток /МОНЦАМЭ/. ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж буй Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Япон улсын Ерөнхий сайд  Абэ Шинзотай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр тал Владивосток хотод гурав дахь удаагаа өндөр дээр хэмжээнд уулзалт хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, цаашид эдийн засагт тулгуурласан харилцааг түлхүү хөгжүүлэх эрмэлзэлтэй байна хэмээгээд Японы талд холбогдох төслүүдийн танилцуулгыг гардуулав.

Тухайлбал, өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарч, дотоодын эх үүсвэрийг ашиглан 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, ОХУ-ын “ФЕСКО” компанитай хамтран нүүрсний терминал байгуулах төсөл хэрэгжүүлэх боллоо. Эдгээр эдийн засагт үр ашигтай төслүүд ажил хэрэг болж эхэлсэн тул худалдан авагч тал буюу Япон улстай нүүрсний экспортын асуудлаар томоохон яриа хэлэлцээр хийх сонирхолтой байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илэрхийлсэн юм.

Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо Монгол Улсын Ерөнхийлөгчийн биечлэн өгсөн төслүүдтэй сайтар танилцаж, японы тал Тавантолгойн асуудлыг цаашид ажил хэрэг болгох сонирхолтой гэдгээ мэдэгдлээ.

Хоёр улсын дараагийн хамтран ажиллах өргөн боломжтой салбар нь оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний зах зээл гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж, дэлхийн ноолуурын 50 орчим хувийг дангаар хангадаг Монгол Улс Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль батлагдах байх гэсэн хүлээлттэй байгааг хэлсэн юм. Гэхдээ АНУ-ын хууль тогтоох байгууллагын хэлэлцэж буй Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль батлагдах эсэхээс үл хамааран ноос, ноолуурын салбарын урдын харилцаагаа сэргээж, ноолуур ээрэх, самнах зэрэг сүүлийн үеийн технологийг нутагшуулах, экспортын бүтээгдэхүүнээс харилцан ашиг хүртэх боломж байгаа хэмээн тооцож буйгаа илэрхийлсэн юм.


Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн саяхан АНУ-д хийсэн айлчлал үр дүнтэй болсонд баяр хүргэж, Монгол-АНУ Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн нь Япон-АНУ-Монгол Улс гэсэн гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх үндэс боллоо хэмээв.


Холбоотой мэдээ