Д.Сумьяабазар: Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексыг нэвтрүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-05 16:33:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр эхэлсэн нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын "Coal Mongolia-2019" чуулга уулзалтын нээлтэд УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар оролцож үг хэлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ, “Уул уурхайн салбар улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж, ДНБ-ний 24 хувийг, аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний 72, экспортын бүтээгдэхүүний 87, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувийг тус тус бүрдүүлж байна.

УУХҮЯ-наас геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, харилцан үр ашигтай төсөл, хөтөлбөрийг гадаад, дотоодын ААН, байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, улмаар уул уурхайн шинэ үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах, нэмүү өртөг бүхий шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлэх, одоо ажиллаж байгаа уул уурхайн үйлдвэрүүдийн техник, технологийг шинэчлэн, боловсруулалтын түвшинг ахиулах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан үр ашгийг нь дээшлүүлэх замаар хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэх зорилтыг эрхэмлэн ажиллаж байна.

Энэ зорилтын хүрээнд, Эрдэс баялгийн салбарын багц хуулийн төсөл, Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам, Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм, Баяжуулах үйлдвэрийн аюулгүй ажиллагааны дүрэм, Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм зэрэг салбарын суурь баримт бичгүүдийн төслийг боловсруулж, батлуулах гэж байгаа”-г мэдэгдэв.


Тэрээр, уул уурхайн салбарт хариуцлагатай уул уурхайн сайн жишгүүдийг хөхиүлэн дэмжих, дэлгэрүүлж төлөвшүүлэх, улмаар салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” ХХК, “Багануур” ХК зэрэг томоохон 8 ААН-тэй “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулан хамтран ажиллаж буйг дуулгалаа. Энэ санаачилгыг салбарын олон компани, ААН идэвхтэй дэмжин ажиллахаа илэрхийлээд байна гэв.

Цаашид УУУХҮЯ Монгол Улсын хууль, тогтоомжийг хүндэтгэж, хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй уул уурхайг хөгжүүлж, орон нутагтай хамтран ажиллаж, ажлын байрыг нэмэгдүүлсэн уул уурхайн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж ажиллах болно. Харин Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа аливаа уул уурхайн үйлдвэрлэлтэй хатуу тэмцэхээ УУХҮ-ийн сайд илэрхийлэв.

Тавантолгойн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржид арилжих бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Цаашид нүүрсний салбарыг эрчимтэй хөгжүүлэхийн тулд Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс баяжуулах, нүүрс-химийн үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал гэж бид үзэж байгаа. Өнөөдрийн энэхүү чуулганд оролцож буй хөрөнгө оруулагчид та бүхэнтэй энэ чиглэлээр хамтран ажиллах боломж нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна.

Уул уурхайн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хувьд, УИХ-ын 73 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төмөр зам, авто зам барих, усны нөөцийг шийдвэрлэх ёстой. Тухайлбал, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам, авто замын төслүүд хэрэгжиж, цахилгаан станц барих ажил эхэлнэ. Мөн “Оюу Толгой” компани эрчим хүчнийхээ хэрэгцээг дотоодоос хангах үүднээс цахилгаан станц барих ажлыг эхлүүлэхэд чармайлт гаргахаа илэрхийлээд байна” гэв.







Цааш нь хэлэхдээ, “Экспортын нүүрсний ордууд ихээр төвлөрсөн өмнийн говийн бүс нутгийг гадаргын усаар хангах том төсөл хэрэгжүүлэх боломжийг идэвхтэй судалж байна” гэв. Тэрээр, “Энэхүү төсөл хэрэгжсэнээр тухайн бүс нутгийн хүн амын суурьшилт, бүс нутгийн экологийн тэнцвэр, хөгжилд том өөрчлөлт гарна. Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх “Тавантолгой төмөр зам” компанийг төрийн өмчийн оролцоотой байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэснийг мэдээлэхэд таатай байна. Энэ ажлын эхний ээлжийн санхүүжилтийг шийдээд байгаа бөгөөд зам барилгын ажил төлөвлөгөөний дагуу өрнөж эхлээд байна” гэв.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ