441.9 мянган тонн үр тариа авах урьдчилсан дүн гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-05 17:58:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилийн ургацын урьдчилсан балансын дүн мэдээ гараад байна.

Урьдчилсан балансаар улсын хэмжээнд, 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн тооцоо гарчээ. 

Цаг агаарын төлөв байдалтай холбоотойгоор нийт хураах талбайн 60 шахам хувь нь сүүн болцын төгсгөлд байгаа бол 40 хувь нь аарцан болцын эхний үедээ байна.

Ургац хураалтад 1216 комбайн, 511 жатка, 362 үтрэм, 120 гаруй төмс хураах комбайн, 455 төмс, хүнсний ногоо ухагч, 923 цэвэрлэгч, ачигч, сортлогч машин ажиллахаар судалгаа гарсан бөгөөд техникийн бэлэн байдлыг 82 орчим хувиар хангаад байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Ургацын урьдчилсан балансаар, нийтдээ 420.0 мянган тонн буудай үтрэм дээр буух төлөвтэй байна. Үүнээс 2019 оны тариалалтад зориулан ААН, иргэд өөрсдийн хэрэгцээнд 50 мянган тонн буудайн үр нөөцлөх бөгөөд үрийн зориулалтаар 6.6 мянган тонн, тэжээлд 21.5 мянган тонн, спиртийн үйлдвэрт 8.7 мянган тонныг тус тус зарцуулахаар санал ирүүлснээр гурилын үйлдвэрлэлд нийтдээ 333.2 мянган тонн буудай нийлүүлэх төлөвтэй байна. 

Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай авах шаардлагатай бөгөөд балансаас харахад 2019-2020 оны хэрэгцээг хангах хэмжээний буудайн нөөц бүрдэхээр урьдчилсан баланс гарчээ. 

Цаг агаарын урьдчилсан төлвөөр, энэ 9 дүгээр сарын эхээр цас орох магадлалтай байна. Тиймээс ургацыг хаягдалгүй хураах технологийн зөвлөмж боловсруулан тариаланчдад хүргэх, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог хангаж ажиллахад анхаарч байна гэжээ.

 

 

Холбоотой мэдээ