16 байршилд зөвшөөрөлгүй татсан хашаа, объектыг татан буулгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-06 11:00:11

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант суманд зөвшөөрөлгүй газарт татсан хашаа, объектыг татан буулгах ажил үргэлжилж байна.

Ховд аймгийн Засаг даргын 2019 оны наймдугаар сарын 13-ны өдрийн А\519 тоот захирамжийн дагуу Жаргалант сумын нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй хашаа, объект барьсан эсвэл зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү газарт хашаа татсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрыг чөлөөлөх ажил наймдугаар сарын 23-наас есдүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилж буй.

Тус ажлыг аймгийн ГХБХБГ, Жаргалант сумын ЗДТГ, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг байгууллагын хамтарсан ажлын хэсэг хэрэгжүүлж байна.

Ховд аймгийг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу авто зам, шугам сүлжээ татах зориулалт бүхий нийтийн эзэмшлийн гудамж, талбайг тодорхой зураглалаар гаргасан аж. Гэтэл зарим иргэн уг төлөвлөгөөнд нийтийн зориулалтаар  тусгасан газарт  зөвшөөрөлгүй  хашаа, тор татах, объект барих зэрэг зөрчил үүсгэжээ.    

Үүнтэй холбогдуулан ажлын хэсгийнхэн Жаргалант сумын Бичигт, Цамбагарав зэрэг дөрвөн багийн нутаг дэвсгэрийн 16 байршилд зөвшөөрөлгүй татсан хашаа, тор болон гурван обьектыг албадан буулгах, нүүлгэн шилжүүлэхээс одоогийн байдлаар 7 хашаа, нэг торыг татан буулгаж газрыг чөлөөлсөн аж.
Энэ ажлыг гүйцэтгэх явцад зарим иргэн маргах, эсэргүүцэх зэрэг бэрхшээл үүсч байна. Гэхдээ Газрын тухай хууль тогтоомжийн хүрээнд иргэдэд албан шаардлага, мэдэгдэх хуудас хүргэж, асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж байна гэж албаныхан мэдээллээ.

 

Холбоотой мэдээ