Алс Дорнод дахь Монголын ашиг сонирхол

ТОЙМ
batbold.sh@montsame.gov.mn
2019-09-09 15:56:54
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ жил бүрийн хавар Санкт-Петербургт, намар Владивостокт эдийн засгийн чуулга уулзалт хийдэг уламжлалтай. Санкт-Петербургт өрнө дахины улс орнуудын төлөөлөл, бизнесийнхэн голлон цуглардаг бол Владивостокт Азийн голдуу улс орнууд хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын асуудлаа ярилцдаг. Монгол Улс эдгээр чуулга уулзалтад жил бүр зохих түвшинд оролцсоор ирсэн юм.


Владивосток хот ажил хэргийн яриа өрнөдөг талбар болжээ

Дорнын эдийн засгийн V чуулга уулзалт ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотод 2019 оны есдүгээр сарын 4-6-нд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гуравдахь жилдээ оролцон Алс Дорнодын бүс нутаг дахь Монгол Улсын ашиг сонирхол, баримталж буй бодлого зарчим, байр суурийг илэрхийллээ. Мөн Япон, Энэтхэг улсын Ерөнхий сайд нартай хоёр талын уулзалт хийж, цаашдын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлүүдээ ярилцлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг, Алс Дорнодын бүс нутгийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хөгжлийг дэмжих, Ази, Номхон далайн бүс нутаг дахь эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт хийхэд бэлэн болсон шинэ төслүүдийг танилцуулах зорилготой Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадна Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо дөрөвдэх удаагаа оролцов. Японы төлөөлөгчид энэ удаа хоёр онгоц хөлөглөн иржээ. Абэ Шинзо Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад үг хэлэхдээ Япон, ОХУ-ын хооронд энхийн хэлэлцээр байгуулах асуудлыг дахин хөндөж, энэ талын яриа хэлэлцээг цаашид илүү ажил хэрэгч байдлаар үргэлжлүүлж, үр дүнд хүрэх нь хоёр орны ирээдүйн эрх тэгш харилцааны үндэс байх болно гэв. Абэ Шинзо, Владимир Путин нар энэ удаад 27 дахь удаагаа уулзсан байна.


Уг чуулга уулзалтад анх удаагаа ирж оролцсон БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди 150 бизнесийн төлөөлөлтэй ирсэн байна. Тэрбээр Алс Дорнодын хөгжилд зориулан нэг тэрбум ам.доларын зээлийн шугам нээж байгаагаа зарлалаа. Тухайлбал, Владивосток хотыг Энэтхэгийн Ченнай хоттой далайн замаар холбох ажлыг нэн яаралтай ажил хэрэг болгох шаардлагатай байгааг онцлов. Малайзын Ерөнхий сайд Махатир Мохамад анх удаагаа хүрэлцэн ирэв. Сингапур, БНХАУ зэрэг орон Шадар сайдаар ахлуулсан төлөөлөгчдөө Дорнын эдийн засгийн чуулганд илгээжээ.

“Энэ удаагийн чуулга уулзалтад нийтдээ 65 орны 8500 орчим төлөөлөгч оролцсон нь жилээс жилд оролцогчдын хүрээ тэлж буйг харууллаа” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтын нэгдсэн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ онцолж байв. Тухайлбал, 2015 онд болсон анхдугаар чуулга уулзалтад 24 орны 1500 гаруй төлөөлөгч оролцож, 1.3 их наяд рублийн үнийн дүн бүхий 200 орчим төсөлд холбогдох 80 гаруй гэрээ, хэлэлцээрийг байгуулж байсан бол 2018 оны чуулга уулзалтад 6000 гаруй төлөөлөгч оролцон 3.1 их наяд рублийн үнийн дүнтэй 220 гэрээ, хэлэлцээрийг байгуулжээ.

Владивосток бол 1990-ээд оныг хүртэл ЗХУ-ын Номхон далайн флот байрлаж, батлан хамгаалах чиглэлээр ашиглаж байсан хаалттай хот байв. 600 мянга гаруй хүн амтай тус хотод АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтыг 2012 онд зохион байгуулсан. АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажилд зориулан ОХУ-ын Засгийн газраас 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж Владивостокийн дэд бүтцийг шинэчлэн, Русский арлыг их сургуулийн иж бүрэн хотхон байдлаар тохижуулжээ. Алс Дорнодын Холбооны их сургуулийн энэхүү дэд бүтцийг ашиглан 2015 оноос хойш Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг энд хийж байна. Нэг үгээр бол социалист системийн үед хаалттай бүс байсан Владивосток хот одоо хөрөнгө оруулагчдыг урьдаг, хөрөнгө оруулалт шаардлагатай бэлэн төслүүдийг танилцуулдаг, бүс нутгийн төдийгүй дэлхий дахины улс орнуудын удирдагчид, бизнесийнхэн ирж ажил хэргийн яриа өрнүүлдэг талбар болсон байна. Энэ утгаараа Владивосток хот 21 дүгээр зууны ОХУ-ын төдийгүй Ази, Номхон далайн бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, тээвэр зуучлалын гол зангилаа болох нь. Газарзүйн таатай байрлалтай, усан тээврийн гол боомтууд бүхий тус хотын эдийн засгийн үүрэг цаашид улам өсөх нь тодорхой байна.

 

Алс Дорнодын айсуй хөгжлөөс хүртэх Монголын боломж

Тэгвэл Монгол Улс Алс Дорнодын энэ бүс нутагт ямар ашиг сонирхолтой байж, хөгжлийнх нь үр шимээс хүртэх вэ? Энэ талаар Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ:

Нэгдүгээрт, Алс Дорнодын бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцаанд Монгол улс оролцохын тулд Владивосток хотноо Худалдааны төлөөлөгчийн газар байгуулах Засгийн газрын шийдвэр гарсныг дуулгав. Дашрамд дурдахад, Владивосток хотноо одоогоор 23 орны консул, төлөөгчийн газар байдаг юм байна.

Хоёрдугаарт, Евразийн бүс нутгийн орнуудтай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус хориг саадыг бууруулах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах хүрээнд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлаж байгааг онцлов.

Гуравдугаарт, Монгол Улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцох зорилгоор тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтаа ОХУ, БНХАУ-тай харилцан уялдаатай хөгжүүлэх хүрээнд гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, хамтарсан механизмын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр ажиллаж байна гэв.

Дөрөвдүгээрт, Өнгөрсөн жилийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалт дээр гаргасан Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг уялдуулах үүрэг бүхий байгууллага байгуулах саналын хүрээнд бүс нутгийн улс орнуудын цахилгаан эрчим хүч, сүлжээ болон хөрөнгө оруулалт хариуцсан төрийн өмчит компаниуд энэхүү бүс нутгийн санаачилга, сүлжээнд хамрагдах төслүүдийн техник, эдийн засгийн нарийвчилсан судалгааг хийх, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, худалдахад шаардлагатай ажлын бэлтгэлийг хангахаар хамтран ажиллаж байгааг дурдав.

Тавдугаарт, ОХУ-аас БНХАУ руу барихаар төлөвлөж буй байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх Монгол Улсын саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч дэмжсэн бөгөөд БНХАУ-ын Ерөнхийлөгч судалж үзэхээ илэрхийлээд байгааг дуулгав.

Эцэст нь тэрбээр, Монгол Улс идэвхтэй, нээлттэй байхыг хүсч байна гээд хамтрагч нартайгаа хамтдаа үнэ цэнэ бүтээж, шударгаар хуваалцан хөгжих, итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.


Нэг ёсондоо Алс Дорнодын хөгжил дэвшилд өөрийн гэсэн оролцоотой байхын тулд Монгол Улс юуны түрүүнд ОХУ-ын энэ бүс нутагт Худалдааны төлөөлөгчийн газартай, өөрийн орны экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нүүрс, зэс зэргийг ачиж, буулгах терминал байгуулж, дэлхийн зах зээлд түүхий эдээ хүргэх боомттой болохоор ажиллаж байна. Худалдаа, эдийн засагт тулгардаг элдэв саад бэрхшээлийг яриа хэлэлцээний замаар арилгах ажлуудыг хийж байна. ОХУ, БНХАУ зэрэг гол түнш орнуудтай хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгох зорилго тавин ажиллаж байна. Бүс нутгийн бусад орнуудын оролцоотой төсөл хөтөлбөрт оролцоход бэлэн байна. Хамтдаа үнэ цэнэ бүтээж, харилцан ашигтай ажиллая гэсэн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын индэрт илэрхийллээ. Япон, БНЭУ-ын Ерөнхий сайд нартай хоёр талын уулзалт хийхдээ ч энэ байр сууриа илэрхийлсэн бөгөөд зээл тусламж авья гэхээсээ илүү хамтран хэрэгжүүлэх боломжтой салбар, хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдээ танилцуулж, харилцан санал солилцсон юм.

ОХУ-Япон улсын хооронд энхийн хэлэлцээр байгуулах нь энэ бүс нутгийн цаашдын хөгжилд чухал нөлөөтэй. Үүнээс Алс Дорнодын бүсийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, ирээдүйн дүр төрх хамаарна. Тиймээс Монгол Улс Алс Дорнодын айсуй хөгжлийг угтаж, өөрийн оролцоог хангах бэлэн дэд бүтцийг бүтээчихсэн байхыг эрмэлзэж байна. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг ашиглан гуравдахь жилдээ илэрхийллээ. Тодорхой ажлууд энэ хүрээнд хийгдэж байна. Тухайлбал, 2018 онд Монгол Улсын Засгийн газраас Владивостокт Худалдааны төлөөгчийн газар байгуулах шийдвэр гарсан, бэлтгэл ажил хийгдэж байна. ОХУ-ын Алс Дорнодын “Зарубино” боомтыг ашиглан ОХУ-ын тээвэр, ложистикийн тэргүүлэгч ФЕСКО компани, “Эрдэнэс таван толгой” компани хамтран нүүрсний терманал байгуулах ажлын Техник, эдийн засгийн үндэслэл эхний хувилбараар бэлэн болсныг Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр зарлалаа. Энэ бол Монголын түүхий эдийг ганцхан гарцаар биш хоёрдогч гарцаар дамжуулан Япон, БНСУ, БНЭУ болон дэлхийн бусад оронд хүргэх дэд бүтэц болох юм.

Ийнхүү Монгол Улс Алс Дорнодоор дамжуулан худалдаа, хөрөнгө оруулалт, бусад боломжоос хүртэх дэд бүтцээ байгуулж, ажлын нөхцлөө тохироход бэлэн байхаар бэлтгэл ажлаа хангаж байна.

 

Холбоотой мэдээ