Өрхийн эрүүл мэндийн байгууллагын 60 жилийн ой тохиов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-09 10:36:57

Ховд /МОНЦАМЭ/. Өрхийн эрүүл мэндийн байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ой тохиов. Үүнтэй холбогдуулан Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс баярын хурал, хүндэтгэлийн концерт  зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд аймаг болон эрүүл мэндийн салбарын удирдлага, ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болох эмч мэргэжилтнүүд, эмнэлгийн ажилтнууд оролцов.

Баярын хурлаар Ховд аймгийн Өрхийн эрүүл мэндийн байгууллагын түүхэн хөгжил, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, аймаг орон нутгийн зүгээс баримталж буй бодлого, шийдвэрийн талаар албаныхан танилцуулав.

Мөн Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны Ховд аймаг дахь салбар зөвлөлийн хамт олон болон өрхийн эрүүл мэндийн төвийн нэр бүхий эмч, мэргэжилтнийг шагнаж урамшуулсан юм. 

Одоогийн байдлаар Ховд аймгийн Жаргалант, Булган суманд нийт зургаан өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж байна. Үүнд  60 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж буй.

Тэд аймаг, сум орон нутгийнхаа нийт хүн амын 70 орчим хувьд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг гэж салбарынхан онцоллоо. Мөн зөвхөн эмнэлгийн тусламж биш, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаагаараа онцлог  аж.



Холбоотой мэдээ