Алтай суманд бүргэдчдийн баяр болно

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-09 14:28:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтай суманд “Altay nomad games-2019” наадам энэ сарын 20-21-ний өдрүүдэд болно.

Алтай сумын Бүргэдчдийн холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй нүүдэлчдийн баярт Алтай, Сагсай, Толбо сумаас 40 гаруй бүргэдчин оролцож, бүргэдээ гартаа дасгасан байдал, ан авлахад сургасан зэргээрээ өрсөлдөх аж. Мөн энэ үеэр морьт харваа, их насны морьдын уралдаан, казахын ард түмний уламжлалт тоглоом болох кызхуар /хүүхэн хөөх/, тенге илу /зоос шүүрэх/ тэмцээн болно.

"Алтай сум аймгийн төвөөс 120 гаруй км алслагдсан болохоор нутгийн иргэд, хүүхэд, залуучууд жил бүр болдог Бүргэдийн баярт очиж сонирхож чаддаггүй. Тийм учраас өөрсдөө орон нутагт бүргэдчдийн тэмцээнийг зохион байгуулж байна. Мөн бүргэдчдийн залуу халааг бэлтгэх, харилцан туршлага солилцох давхар зорилго агуулж байгаа" гэдгийг тус холбооны тэргүүн Б.Далайхан хэллээ.

“Altay nomad games-2019” наадмыг гадаадын жуулчид ч очиж сонирхохоо илэрхийлээд байгаа ажээ.

Холбоо барих утас: Алтай сумын Бүргэдчдийн холбоо-95421493   

Холбоотой мэдээ