Францад хэт халууны улмаас 1500 орчим хүн нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-09-09 12:09:27

ПАРИС. /AP/. Энэ оны зургаа, долдугаар сард Европын орнуудад урьд өмнө бүртгэгдэж байгаагүйгээр хэт халсны улмаас Францад 1435 хүн нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.


Эрүүл мэндийн сайд Агнес Бузиний мэдээлснээр, нас барсан хүмүүсийн тэн хагас орчим хувь нь 75-аас дээш насны иргэд байжээ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг сайтар авч хэрэгжүүлснийг тэрбээр онцолсон байна. 2003 онд Европт хэт халж, Францад 14 мянга гаруй хүн нас барж байжээ.


Өнгөрсөн зургадугаар сард Франц улсад агаарын температур урьд бүртгэгдэж байгаагүй хамгийн өндөр хэм буюу Цельсийн 46 хэм хүрсэн юм. Францын нийслэл Парис хотод ч мөн хэт халж, Цельсийн 42.6 хэм хүрсэн байна.


"Францад өнгөрсөн зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 7-нд 567 хүн, долдугаар сарын 21-27-нд 868 хүн нас барсан" гэж Эрүүл мэндийн яамны тайланд тэмдэглэсэн байна. 10 хүн ажил үүргээ гүйцэтгэх үеэрээ нас барсан гэж А.Бузин хэлжээ.


Энэ зун Францын ихэнх нутагт түгшүүрийн улаан буюу хамгийн өндөр түвшнийг тогтоосон бөгөөд хэт халууны үеэр сургуулиуд болон олон нийтийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.


Их Британи, Бельги, Герман, Люксембург, Нидерланд зэрэг Европын бусад оронд ч мөн агаарын температур хамгийн өндөр хэмд хүрсэн боловч тэдгээр орон хэт халууны улмаас нас барсан хүмүүсийн талаарх албан ёсны тайлан мэдээг хараахан танилцуулаагүй байна. 

Холбоотой мэдээ