Иргэний бүртгэлийн аппарат эвдэрч иргэдэд төвөг учирч байна

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 10:09:28

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэний бүртгэлийн зураг авах, хурууны хээ дарах аппарат эвдэрсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна.

Удахгүй болох сонгуулийн үйл ажиллагаанаас өмнө бичиг баримтын асуудлаа цэгцлэх гэсэн иргэдийн ажил, амьдралд юуны улмаас төвөг учруулаад байгаа талаар тус албаны хүмүүсээс тодруулахад “Манай бүх тоног төхөөрөмжүүд 2010 оны иргэний шинэчилсэн бүртгэлийн үеэр анх ирж, тасралтгүй ашиглагдаж байна. Энэ хугацаанд элэгдэлд орж, багагүй доголдол үүсгэх болсон. 3 сарын 10-аас хойш аппарат ажиллаагүй. Энд засах боломжгүй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар руу аваачиж баталгаат засварын газар засаж янзалдаг. Аппаратыг зассан гэж мэдээлсэн ч бидэнд засварын өртөг мөнгийг гаргах цаг хугацаа хэрэгтэй байна. Энэ долоо хоногийн сүүлээр ирчих байх. Иргэний үнэмлэхний зураг яаралтай авахуулах хүмүүс хувийн аппараттай ирээд зургаа авахуулж болно” гэлээ.

Аппаратыг хурдан хугацаанд засаж, авчруулах боломжгүй байгааг мөнөөх л эдийн засгийн хямралтай холбон тайлбарлав. УБСЕГ-аас хуучирсан тоног төхөөрөмжүүдээ шат дараалалтайгаар засах шийдвэр гарсан ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод бас л чадахгүйд хүрээд байгаа аж.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ