Вьетнам бараа бүтээгдэхүүнийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-09-09 15:38:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСВУ дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улс дахь Вьетнам улсын ЭСЯ-наас Вьетнамын бараа бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн худалдааг өнөөдөр зохион байгууллаа.

Үзэсгэлэнг нээж Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Доан Тхи Хыөнг хэлэхдээ, “Ерөнхийлөгч   Хо   Ши   Минь   бол   Монгол Улс, Вьетнам   улсын дипломат харилцаанд анхны суурийг тавьсан эрхэм билээ. Түүнээс хойш хоёр орны найрамдалт харилцаа зогсолтгүй хөгжиж, олон салбарт үр дүнгээ өгч байна. Өөрийн   улс   орны   нөөц   бололцоог   дайчлан   хөгжил   цэцэглэлт,   интеграцид нэгдэх   замдаа   Вьетнам   нь   олон   улсын   найз   нөхдийн   дэмжлэг   туслалцааг хүлээн  авсан   бөгөөд  энэ  дунд   Монгол   Улсын   туслалцаа  дэмжлэг   багтаж байгаа билээ. Манай хоёр орон улс төр, гадаад харилцаа, аюулгүй байдал болон батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлж байгаа бөгөөд 2019 оны эхний 8 сард хамтран ажиллах тухай 3 гэрээнд гарын үсэг   зурсан.   Хоёр   орны   Засгийн   газрын   комисс  эдийн   засаг,   хөрөнгө оруулалт,   худалдаа,   хөдөө   аж   ахуй,   байгалийн   гамшиг,   уур   амьсгалын өөрчлөлт,   шинжлэх   ухаан,   технологи,   мэдээлэл   харилцаа,   зам  тээвэр, боловсрол, соёл, спорт, аялал жуулчлал, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд зэрэг салбарын  хамтын   ажиллагааг   эрчимтэй нэмэгдүүлж,  уг комиссын 17 дугаар хуралдааныг Ханой хотод зохион байгуулахаар бэлтгэж байна. Тиймээс хоёр орны ард түмний хөгжил цэцэглэлтийн төлөө  уламжлалт найрсаг харилцаа үргэлж хөгжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Доан Тхи Хыөнг болон БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр нар цан цохиж үзэсгэлэн худалдааг эхлүүлэв.

 ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн вьетнам судлаач Б.Цэнгэллхам хэлэхдээ, “Манай улс Бүгд Найрамдах Социалист Вьетнам улстай анх 1954 оны 11 дүгээр сарын 17-нд дипломат харилцаа тогтоосон. Түүнээс хойш өнөөг хүртэл хоёр орон ах дүүгийн найрамдалт харилцаатай явж ирсэн гэж судлаачид үздэг. Энэхүү харилцаа улс төр, дипломатын түвшинд, боловсрол, соёлын салбарт маш сайн хөгжиж байгаа. Сүүлийн үед харилцаа эрчимтэй хөгжиж байгаагийн шалтгаан нь Вьетнам улс бүс нутаг, олон улсын тавцанд эзлэх байр суурь, нэр хүнд нь өсөж байгаа учир манай улсын хувьд  түншлэх шаардлагатай орны тоонд орсон. Вьетнам бүс нутгийн хэмжээнд хамгийн том байр суурь эзэлж АСАЕН-ийн байгууллагууд дотор тэргүүлэх үүрэгтэй орон болж чадсан учир манай орон АСЕАН /Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг/-ийн 600 сая хүн амтай зах зээлд нэвтрэх боломж гарч ирнэ” гэв.

Анх удаа зохион байгуулж буй тус үзэсгэлэнд Вьетнамын дотооддоо үйлдвэрлэсэн, экспортод зориулсан, өргөн хэрэглээний, Монголын хэрэглэгчдэд танил болсон бараа бүтээгдэхүүнээс гадна хөдөө аж ахуйн болон үндэсний онцлогийг харуулсан хувцас, гар урлалын бүтээгдэхүүнийг дэлгэжээ. Тухайлбал, Чүм Нгуен компани олон төрлийн кофегоо танилцуулж байлаа. Мөн хатаасан жимс, самар, хөлдөөсөн загас гэх мэт далайн бүтээгдэхүүнийг хүмүүс их сонирхож байв.

Монгол, Вьетнамын худалдаа, хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Б.Гантуяа, “Манай монголчууд жинхэнэ кофег кофе шопоос мэдэрдэг. Энэхүү үзэсгэлэнд Вьетнамын G 7 кофе гэхчлэн монголчуудад танил болсон кофе нь кофены амтыг бүрэн мэдрүүлнэ. Вьетнам кофег задлаад үзэхэд үнэрээс нь амт нь мэдрэгддэг.  Мөн Вьетнам улс далайн бүтээгдэхүүний маш том зах зээлтэй.  Харин манай улс далайд гарцгүй орон. Манай орон уламжлалт харилцаатай орны хувьд Вьетнамаас далайн бүтээгдэхүүнийг импортлох боломжтой” хэмээн тодотгов.


Түүнчлэн үзэсгэлэнд 1955 онд ерөнхийлөгч Хо Ши Миний Монгол Улсад хийсэн айлчлалын зургууд болон Вьетнам, Монголын өндөр дээд хэмжээний айлчлалын зургуудыг дэлгэжээ. Мөн Хо Ши Миний нэрэмжит Улсын тэргүүний лаборатори 14 дүгээр сургууль болон Монгол Улс дахь Вьетнамын ЭСЯ-наас жил бүр хамтран зохион байгуулдаг, Вьетнам болон тус улсын ард түмний тухай ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой тэмцээнд шагналт байранд шалгарсан бүтээлүүдийг энэхүү үзэсгэлэнгээс харах боломжтой.

 


Холбоотой мэдээ