Индонезын ойн түймрийн утаа хөрш орнуудад тархжээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-09-12 14:57:22

ЖАКАРТА. /AP/. Индонезод дэгдсэн ойн түймрийн утаа, өтгөн манан хөрш зэргэлдээ орнуудад тархсантай холбогдуулан Малайзын эрх баригчид хагас сая ширхэг амны хаалтыг оршин суугчдадаа тараажээ.


Индонезын Суматра, Калимантан бүс нутагт дэгдсэн ойн түймрүүд сүүлийн хэдэн долоо хоногт улам газар авж, 930 мянга гаруй га талбайг сүйтгэж, олон зуун оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэжээ. Түүнчлэн ойн түймэртэй тэмцэхээр 9000 гаруй албан хаагчийг дайчлаад байгаа ажээ.


Индонез улстай хөрш зэргэлдээ оршдог Сингапур, Малайзад энэ долоо хоногт утаа тархаж, агаарын чанар эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй хэмжээнд хүрсэн байна.


Фермийн аж ахуй эрхлэгчид ойн зарим хэсгийг тэгшлэхийн тулд огтолж, шатаах аргыг хэрэглэснээс үүдэн түймэр дэгдсэн гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа бөгөөд Амазоны түймэр ч мөн үүнтэй ижил шалтгаанаас үүдэлтэй юм.


Малайзын Байгалийн гамшгийн уршгийг арилгах хороо Саравак мужид хагас сая ширхэг амны хаалтыг хүргүүлсэн бөгөөд тус мужийн 409 сургуулийн үйл ажиллагааг мягмар, лхагва гарагт түр зогсоожээ. 

Холбоотой мэдээ