УИХ-ын дарга зохиогч, уншигчдыг урамшуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2019-09-14 16:45:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уламжлалт Үндэсний номын баяр өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.

Жилдээ хавар, намар хоёр удаа уншигч, зохиолч нарыг уулзуулдаг номын баярыг нийслэлийнхэн энэ жил 26 дахь удаагаа тэмдэглэж байна. Мөн УИХ-ын даргын ивээл дор болж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар номын баярын нээлтэд оролцож үг хэлэхдээ, жил бүр болж буй энэ баяр нь манай соёл, нийгмийн томоохон үйл ажиллагаа, номын соёлыг олон нийтэд дэлгэрүүлэхэд дэмжлэг болж ирснийг тэмдэглэв.



Тэрээр номын баярт оролцож, дэмжиж буйгаа, “Нэгд, сүүлийн жилд хүүхэд залуус ном бага уншиж, номын борлуулалт буурч байгаа гэж хүмүүс эмзэглэх болсныг үнэхээр тийм байна уу гэдгийг өөрийн биеэр харах гэж ирлээ. Мөн дэлхий нийт хурдацтай өөрчлөгдөж буй энэ үед “ярьдаг, хэлэлцдэг, зөвшилцдөг, зөвлөдөг” ном болон цоо шинэ өнгө төрхтэй хувьсан өөрчлөгдөж байна.

Оросын их зохиолч М.Горькийн “Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэж хэлсэнчлэн энэ цонх улам том болж байна. Дэлхий өнөөдөр дипломыг биш, хэн сайн уншиж, хэн их мэдлэгтэй, чадвартай хүнийг шүтэж, ажилд авдаг болж байна” хэмээн номын ач холбогдлыг дурдаад, энэ их өөрчлөлтийн дагуу Үндэсний номын баяр шинэ агуулга, хэлбэрээр тэлж буйг онцолж цаашид зохиолч, уншигч иргэд шинэ эрэл хайгуул, шинэ ертөнцөөр улам баяжихыг хүсэн ерөөсөн юм.

Тэрээр шилдэг уншигч, зохиолч, ном бүтээгч нарыг урамшуулж байх, УИХ-ын даргын нэрэмжит “Мэргэн ном” гэсэн шагналыг бий болгож буйг танилцуулж, анхныхаа шагналаар зохиолч, яруу найрагч, нийтлэлч Б.Номинчимэд, мөн яруу найрагч Л.Хасар нарыг 2019 оны номын ертөнцийн гавьяатнаар тодруулан урамшуулсан юм. Б.Номинчимэдийн хувьд тэрээр “Ариг Бөх хаан”, “Энэтхэг дэх их монголчуудын түүх”, “Аугаа эрин” зэрэг ном бүтээл туурвин, Монголын түүхт өв соёлыг эрхэмлэн дэлгэрүүлэх үйлсийг түүчээлснийг ийнхүү үнэлсэн байна. Мөн Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын “Эрдэнэсийн сан” цувралыг эх хэлээрээ түгээх үйлсийг санаачилжээ.


Харин яруу найрагч Л.Хасар аавынхаа (Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, СГЗ яруу найрагч агсан Б.Лхагвасүрэн) “Морин зэрэглээ” шинэ номыг үргэлжлүүлэн эмхэтгэж дуусган уншигчдын гарт хүргэж байгаа юм байна.

“Мэргэн уншигч” шагналаар Н.Энхсайханыг урамшууллаа. Түүнийг ном сайн уншиж, уншсан номынхоо утга агуулгыг нийтэд түгээн дэлгэрүүлж, залуучуудтайгаа хуваалцдаг энэрэнгүй үйлстэн гэдгээр урамшуулжээ. Шагналыг УИХ-ын даргын хамт Ардын уран зохиолч Д.Цоодол, "Номын соёлт ертөнц" ТТБ-ын тэргүүн Б.Сувд нар гардуулсан юм. УИХ-ын дарга Г.Занданшатар шагнал гардуулахдаа, “Ном уншиж буй мазаалайн дүрстэй энэхүү цом бүхий шагнал нь номын буяныг дэлгэрүүлэхэд, мэдлэг боловсролыг түгээхэд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа”-гаа илэрхийлсэн юм.

Тэрээр номын баярыг хамтран зохион байгуулагчийн нэг, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн асарт зочилж, тус агентлагаас эрхлэн гаргаж буй ном, байнгын сонин хэвлэл, гэрэл зургийн үзэсгэлэнтэй танилцаж, тус агентлагийн уран бүтээлч, сэтгүүлч, орчуулагч хамт олонд Монгол Улсынхаа мэдээллийг гадаад, дотоодод түгээх үйлсэд амжилт хүссэн юм.




Үндэсний номын баярын өдрөөр зохиолч, бүтээгчид уншигчидтайгаа биечлэн уулзаж, номоо гарын үсэгтэй, хямдралтай үнээр борлуулах боломжийг олгодгоороо номын хорхойтнуудын хүсэн хүлээдэг баярын өдөр болсон юм. Номын баяр маргааш ням гарагт мөн үргэлжилнэ.




Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ