“Дэлхийн номын сангуудын нэгдсэн электрон каталог” зөвлөгөөн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-16 16:11:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар, Монголын Номын Сангийн Холбоо,  Америкийн Монгол Судлалын Төв хамтран “Дэлхийн номын сангуудын нэгдсэн электрон каталог” зөвлөгөөнийг энэ сарын 12-13-нд хийсэн. 

Зөвлөгөөнд Соёл, урлагийн газрын Соёлын өвийн хэлтсийн дарга Н.Мөнхзул,  Америкийн Монгол Судлалын Төвийн суурин захирал Триша Төрболд, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Баяраа болон хот хөдөөгийн номын санч нар  оролцов. АНУ-ын Колумбын их сургуулийн номын сангийн Сан хөмрөг тодорхойлох каталогийн үйлчилгээний каталогчдын багийг удирдагч, Пратт институтэд каталогийн багш Д.Энэрэлийн “Каталогжуулалт бол нийтийн үйлчилгээ” (Цахим илтгэл),  Канад улсын томоохон номын сангийн систем болох Ванкувер Хотын нийтийн номын санд (Vancouver Public Library) дижитал болон олон нийтийн үйлчилгээний номын санч, Монголын Номын Сангийн Холбоог үүсгэн байгуулагчдын нэг Ц.Мөнхчимэг “Мэдлэгийг бүх нийтэд түгээхүй: Хойд Америкийн дижитал номын сангийн туршлагаас” цахим илтгэлийг хэлэлцүүлж, орчин үеийн цахим номын сан, каталогжуулалтын чиг хандлага, дижиталчлалын талаар туршлага мэдлэгээсээ хуваалцсан нь энэ зөвлөгөөний онцлог байв.

Мөн уг зөвлөгөөнд нийтийн болон их дээд сургууль, ЕБС, номын сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-дын 42 байгууллагын 54 төлөөлөл, номын сангийн мэргэжилтнүүд "Шинжлэх ухаан, техникийн дэвшил, нийгмийн мэдээллийн өсөлтөөс шалтгаалан номын сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, юуны өмнө номын сангийн үйлчилгээнд мэдээлэл технологийн үйлчилгээг нэвтрүүлэх, уншигч хэрэглэгчдэд цаг хугацаа орон зайнаас үл хамааран чанартай  хүртээмжтэй үйлчлэх асуудал чухал" болсонд санал нэгдэж, “Дэлхийн номын сангуудын нэгдсэн электрон каталог”-ын ач холбогдлыг үнэлэв.

Дэлхийн хамгийн том номын сан буюу АНУ-ын Конгрессын номын санд (The Library of Congress) Ази, Ойрх Дорнодын хэлтсийн номын санч, монгол номын мэргэжилтнээр ажиллаж буй, Америкийн Монгол Судлалын Төвийн Удирдах зөвлөлийн гишүүнХэл шинжлэлийн ухааны доктор Мягмарын Саруул-Эрдэнэ зочин илтгэгчээр оролцож “Конгрессын номын сан дахь монгол ном сурвалжийг каталогжуулж буй туршлага” сэдвээр сонирхолтой яриа өрнүүлэв. Мөн  Үндэсний номын сангийн Монгол судлал, гар бичмэл номын сан хөмрөгийн номын санч Ч.Гансүх “Дэлхийн номын сангуудын нэгдсэн каталогт Монголын номын сангуудын оруулах хувь нэмэр”Монголын номын сангийн холбооны гүйцэтгэх захирал М.Даваасүрэн  “WorldCat-Дэлхийн номын сангуудын нэгдсэн каталогийн танилцуулга” сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа.

Холбоотой мэдээ