Ч.Алтанхуяг, н.Баярхүү нарыг дахин хорьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2019-09-16 13:22:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг завшсан байж болзошгүй хэмээн шалгаж буй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга (ЭМДЕГ) Ч.Алтанхуяг түүний удирдлага дор ажилладаг н.Баяраа нарыг дахин хориод байна.

Дахин гэдэг нь өнгөрсөн 7 хоногт тэднийг 48 цаг цагдан хориод байсан боловч баримт тогтоогдохгүй байна гэдгээр хэргийг хэрэгсэхгүй болгон сулласан юм. Мөн Ч.Алтанхуяг болон н.Баярхүү нарт улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоож, тодорхой хүмүүстэй уулзахгүй байхаар таслан сэргийлэн шийдвэрлэсэн. Тэгвэл тэднийг сулласнаас хойш нэг хоногийн дараа буцаад, Нийслэлийн прокурорын газраас гаргасан гомдлыг үндэслэн есдүгээр сарын 14-нд баривчлан нэг сарын хугацаагаар 461 дүгээр ангид цагдан хориод байна.


Дээрх хүмүүс Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг нээн, шалгаж байгаа талаар АТГ мэдээлж байсан юм.

Ч.Алтанхуяг 2017 оноос эхлэн ЭМДЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаа аж. Түүнээс өмнө НДЕГ-т удирдах албан тушаал эрхэлдэг байжээ. Албан тушаалаа хууль бусаар ашигласан гэх хэргээр шалгагдаж буй тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ, 2018 онд 90 сая төгрөгийн орлого олсноо мэдээлж байжээ. Тэрээр таван орон сууц, зуслангийн нэг байшин, үйлчилгээний зориулалттай талбай, дөрвөн авто зогсоолтой, тэдгээрийг 845 сая төгрөгийн өртгөөр үнэлжээ. Мөн 54 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, 10 сая төгрөгийн үнэт зүйлтэй гэдгээ мэдүүлсэн байна. Дансандаа 194 сая, гадаад дансандаа 55 сая төгрөгтэй гэсэн байжээ.

 

Холбоотой мэдээ