Захирал М.Нохойхүү сургуулийнхаа 50 жилийн ойн баярын мэндчилгээ илгээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-09-16 20:49:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Гуравдугаар сургуулийн захирал М.Нохойхүү сургуулийнхаа түүхт 50 жилийн ойн баяраа тохиолдуулан баярын мэндчилгээ илгээлээ. 


Тэрээр "Эх орныхоо өнцөг булан бүрт суугаа эрхэмсэг мМонгол түмэн, Алтайн ахан дүүс, сургуулийн үе үеийн төгсөгч, багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан ажилчид та бүхэндээ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 12 жилийн гуравдугаар сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэе. Манай сургууль 1969-1970 оны хичээлийн жилд анхны нэгдүгээр ангид 84 сурагч элсүүлэн нийт 258 сурагчтайгаар мөнгөн хонхны дуугаар гал голомтоо бадраасан билээ.

Бид бүхэн аймгийн хэмжээнд боловсролын салбарт хэрэгжиж байгаа гурван том хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Багш сурагчид маань уралдаан тэмцээн, олимпиадад сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж арвин амжилт гаргалаа. Тухайлбал манай сургуулийн технологийн багш Ж.Энхбаатар 2019 оны улсын техник технологийн олимпиадад амжилттай оролцон тэргүүн байр эзэлж Алтан медаль хүртсэн бахдам сайхан амжилтыг үзүүлээд байна. Сургуулийн хөгжлийн түүхийг бүтээлцсэн ахмад багш, ажилтан ажилчид, эрдмийн далайгаар аялан амьдралын тэнгэрт дүүлэн нисэж амжилтын цуурайтай алдраа дуурсгаж яваа үе үеийн төгсөгч шавь нар, одоо ажиллаж байгаа багш ажилчид, нийт сурагчид, хамтран ажиллагч байгууллагууд, эцэг эхчүүддээ талархал илэрхийлье. Та бүхэнд амжилт бүтээл аз жаргалын дээд, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эрдэм номын цагаан буян эгнэгт ивээж явах болтугай" хэмээн мэндийг үгээ өндөрлөлөө.

Хагас зууныг өртөөлсөн тус сургууль өдгөө бага, дунд ахлах ангийн нийт 33 бүлэгт 1100 гаруй сурагч суралцаж, 78 багш ажилчидтайгаар Алтай нутгийн боловсролын салбарт манлайлагч томоохон сургуулийн нэг болон өргөжин хөгжсөн байна. Хагас зуунд тус сургууль 35 удаагийн төгсөлтөөр 4328 төгсөгчид суурь боловсрол, 23 төгсөлтөөр 1842 сурагчид бүрэн дунд боловсрол олгожээ.
Холбоотой мэдээ