1.7 сая гаруй мал сүргийг вакцинжуулаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-09-19 15:14:25
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газар орон нутагт голомтлон гардаг халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад мал сүргийг хамруулж байна.
Тодруулбал, Тус газраас 13 нэр төрлийн биобэлдмэл захиалан авч, 1.7 сая гаруй малыг вакцинжуулаад байгаа аж. Мөн үхрийн сүрьеэ, адууны нийлүүлэг, хээлтүүлэгч малын бруцеллёз өвчний шинжилгээнд мал сүргийг хамруулжээ.
Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор /5.1.3.Мал, амьтныг тээвэрлэхдээ зориулалтын, эсхүл мал, амьтанд бэртэл гэмтэл учруулахгүй байхаар нэмж тоноглосон тээврийн хэрэгслийг ашиглах, тээвэрлэхийн өмнө механик цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх/ удирдамжийн дагуу Төв шатахуун түгээх станц, Тээврийн товчоо, Баян-Овооны чиглэл, Эрдэнэцогтын чиглэл гэсэн цэгүүдэд 10 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хяналтын ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Сонирхуулахад, Энэ оноос Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газар нь сум бүрт Мал эмнэлгийн тасагтай болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж буй. Тус аймгийн хэмжээнд нийт 45 мал эмнэлгийн аж ахуйн нэгж ажиллаж, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Холбоотой мэдээ