Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-ыг зорилоо

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-19 08:10:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар тус улсад айлчлахаар эх орноосоо дөнгөж сая мордлоо. Түүний төрийн айлчлал энэ сарын 23 хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байна.

 

Тэрбээр айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай албан ёсоор уулзаж, хэлэлцээ хийнэ. Мөн Энэтхэг улсын Дэд ерөнхийлөгч бөгөөд тус улсын Парламентын дээд танхим, Ражяа Сабхагийн дарга Венкаяа Найду болон Энэтхэгийн Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзахаар төлөвлөсөн. 

 

Монгол Улсын төрийн тэргүүний 10 жилийн дараа БНЭУ-д хийж буй энэхүү айлчлалаар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн зэрэг салбарт өргөжүүлэн бэхжүүлэх тухай ярилцана. Мөн олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцох юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа хүрээнд Энэтхэгийн Гаяа болон Бангалор хотуудад тус тус зочилж, манай улстай холбоотой Буддын шашны түүх дурсгалт газрууд болон Энэтхэгийн шинжлэх ухаан, мэдээллийн технологийн зарим төвтэй танилцахаар төлөвлөж байна.

 

Ташрамд дурдахад, Монгол-Энэтхэг улс 1955 оны 12 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Стратегийн түншлэлийн харилцаатай юм. Монгол Улсын хувьд БНЭУ-ыг бүс нутаг дахь гол түнш бөгөөд, гуравдагч хөрш орноо хэмээн харилцаа, хамтын ажиллагаандаа тэргүүлэх ач холбогдол өгч иржээ. 

Холбоотой мэдээ