Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНЭУ-д хийх төрийн айлчлал эхэллээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-19 18:31:16

Шинэ Дели /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-ын Шинэ Дели хотын "Палам" олон улсын нисэх буудалд өнөөдөр газардлаа. БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын  урилгаар тус улсад хийж буй түүний төрийн айлчлал ийнхүү эхэлж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Энэтхэгийн ГХЯ-ны Ёслолын газрын дарга Нагеш Сингх болон Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Г.Ганболд нар хүндэтгэн угтлаа.


Ерөнхийлөгч Х.Баттулга угтан авсан зочдын хамтаар БНЭУ-ын Ерөнхийлөгчийн ордонд морилохоор хөдлөв. Тэрбээр өнөөдөр Энэтхэгийн хоёр уран барималчид Алтангадас одон гардуулна. Мөн тэрээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Энэтхэгийн Хинди шашны "Ашкардхам" сүмтэй танилцах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковид, Ерөнхий сайд Нарендра Моди нартай албан ёсоор уулзаж, хэлэлцээ хийнэ. Мөн Энэтхэг улсын Дэд ерөнхийлөгч бөгөөд тус улсын Парламентын дээд танхим, Ражяа Сабхагийн дарга Венкаяа Найду болон Энэтхэгийн Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзахаар төлөвлөсөн.

Монгол Улсын төрийн тэргүүний 10 жилийн дараа БНЭУ-д хийж буй энэхүү айлчлалаар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн зэрэг салбарт өргөжүүлэн бэхжүүлэх тухай ярилцана. Мөн олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал энэ сарын 24 хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ