Ерөнхийлөгч Х.Баттулга зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-21 04:38:18
@s_munkhbaatar

Шинэ Дели /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНЭУ-ын Ерөнхийлөгч Нам Ратх Ковинд нар тус улсын Ерөнхийлөгчийн ордонд уулзсаны дараа зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.



Тодруулбал, Сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монголын талаас Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Энэтхэгийн талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх нар гарын үсэг зурав. Мөн Соёлын солилцооны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газар хоорондын 2019-2023 оны хөтөлбөрт Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Энэтхэгийн талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх нар гарын үсэг зурав.



Гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын Ерөнхий газар /ОБЕГ/, БНЭУ-ын Үндэсний онцгой байдлын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монголын талаас ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Энэтхэгийн талаас тус улсын Үндэсний онцгой байдлын газрын Тамгын газрын гишүүн Ж.В.В.Сарма нар гарын үсэг зурлаа.



Малын эрүүл мэнд, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, БНЭУ-ын Мал аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн болон загас агнуурын яам хоорондын ажлын төлөвлөгөөнд Монголын талаас ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн, Энэтхэгийн талаас Мал аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн болон загас агнуурын яамны Мал аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүний газрын Нарийн бичгийн дарга Ш.А.Чатурвэди нар тус тус гарын үсэг зурлаа.

Холбоотой мэдээ