Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Эрдэнэ-Зуу” хөтөлбөрийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-09-23 21:57:01

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар өнөөдөр 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд хуралдааны эхэнд “Эрдэнэ-Зуу” хөтөлбөрийг баталлаа.

XVI зууны сүүлчээр Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумын туурин дээр баригдан өнөөг хүртэл оршиж ирсэн Эрдэнэ-Зуу музей нь түүхийн ховор нандин, хосгүй үнэт зүйлсийг хадгалж буй шашин, соёлын томоохон төв юм. Нийт 8 барилга, байгууламж, 7 мянга гаруй үзмэр цуглуулгатай Эрдэнэ-Зуу музейг үзэж сонирхох дотоод, гадаадын жуулчид ихэссэний улмаас хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, сэргээн засварлах шаардлага үүсч байна.

Тиймээс тус музейн тохижилт, үйлчилгээг стандартад нийцүүлэх, аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц соёл, аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх зорилгоор хөтөлбөр боловсруулаад байгаа юм. Энэ хүрээнд музейн харуул хамгаалалтыг мэргэжлийн албанд шилжүүлэх, камержуулалтыг өргөтгөх, галын, дохиоллын зэрэг тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, сан хөмрөгийн өрөө тасалгааг тохижуулах, ажилтнуудыг сургалтад хамруулах зэргээр олон ажлыг тусгаад байна.

Тэргүүлэгчдийн хуралдаанаар хөтөлбөрийг баталж, шаардагдах санхүүжилтыг жил бүрийн орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

Холбоотой мэдээ