Хуульчдын байр сууринаас иргэдийн оролцоо руу

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-09-25 10:32:11

Шийдлээ хүлээсэн, шилээ дарсан олон асуудал байна. Асуудал бүрийг тус бүрд нь авч үзвэл, асар урт жагсаалт гарах нь ойлгомжтой. Ийм учраас хувь хүнтэй холбоотойг нь гэрийн хэрэг, олон түмэнтэй холбоотойг нь төрийн хэрэг гэж авч үзэх нь нөхцөл байдалд эрэмбэ тогтооход тустай болов уу? Тэгээд ч хувь хүнтэй холбоотой аливаа зүйлийг гэрийн хэргийн түвшинд авч үздэг. Бүх нийтээр мөрдүүлэхээр шийдвэрлэх аливаа зүйлийг төрийн хэрэг гэж авч үздэг байх жишээтэй. Энэ хоёрыг харьцуулан авч үзвэл, гэрийн хэрэгт том зүйл байхгүй. Харин төрийн хэрэгтэй жижиг зүйл байхгүй юм байна. Энэ ч үнэн биз. Хувь хүнд ямар ч том зүйл тулгарлаа гэхэд тухайн гэр бүлд хамаатай. Тэгвэл бүх нийтээр дагаж мөрдөх хууль, тогтоомж төрийн хэрэг (УИХ-аас гарсан шийдвэр)-т жижиг зүйл гэж байхгүй. Түүнийг авч үзэж эцэслэн шийдвэрлэх (шийдвэр гарах хүртэл)-д бүгд оролцох учиртай. Иргэдийн оролцоог ардчиллын амин сүнс гэж хэлдэг. 

УИХ-ын 73 дугаар тогтоол (ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах)-д тавьсан Ерөнхийлөгчийн хориг зэрэг нь  албажаад бүх нийтийн дунд яригдаж  шийдлээ хүлээж байна. Түүнтэй зэрэгцээд УИХ-ыг тараах, ээлжит бус сонгууль явуулах гэх мэт албажаагүй зүйлүүд бүх нийтийг хамран яригдаж байх жишээтэй.

Эдгээрээс Ерөнхийлөгчийн хориг ( УИХ-ын 73 дугаар тогтоол)-ийн тухай улстөрчид (Ж. Батзандан, Л Болд) Улс төрийн нам, (Шинэ нам) хуульчид байр сууриа илэрхийллээ. Тэдний байр суурь хоригийг дэмжинэ, дэмжихгүй гэдэг дээр төвлөрч байх жишээтэй. Нэр бүхий улстөрчид Ерөнхийлөгчийн хоригийг шууд хүлээн авч УИХ Үндсэн хуулийн нэмэлтийн эхийг хуульд нийцүүлэн өөрчлөх ёстой гэж хэллээ. Тэгвэл хуульчид хоригийг засаглалын хэлбэрийг өөрчилж Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих гэж байна гэж хардав. Ийм алхмыг хийж болохгүй гэж тэд үзэж байгаа бололтой. Бүх нийтийн анхаарлын төвд байгаа дээрх асуудлуудаас хуульчид Үндсэн хуулийн нэмэлтийг бусдаас дээгүүр түвшинд авч үзэхийг шийдвэр гаргагчдад анхаарууллаа. Үндсэн хуулийн нэмэлтийн ололтыг доорх байдлаар хуульчид жагсаажээ.

  • Засгийн газрын дундаж нас 1.8 жилийн хугацаатай болсон гажуудлыг арилгаж байгаа. 
  • Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудал сүүлийн 28 жилийн турш огт хэрэгжээгүй. Үүнийг бий болгосон.
  • Ерөнхий сайд бие даан сайдаа парламентад оруулж ирдэг болгосон. Харин өөрөө огцруулдаг томилдог эрхийг нь олгохгүй байя гэж үзсэн.
  •  Гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлэхтэй хамт хянах тогтолцоог маш сайн тавьж өгсөн.
  • Төрийн аудитыг хараат бус болгож өгсөн.
  • Хөгжлийн бодлого төлөвлөлтийг маш тогтвортой байхаар зааж өгсөн.
  •  УИХ-ын чуулган нэг улиралд 50-иас доошгүй өдөр хуралддаг байсныг 75 болгон өөрчилсөн.
  • Сонгуулийн хуулийг өөрчилдөг байсан явдлыг халж, ээлжит сонгуулиас нэг жилийн өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглож өгсөн.
  •  Шүүх нэг хүнээс хэт хараат байсныг өөрчилж, хараат бусаар ажиллах боломж бололцоог бүрдүүлсэн.
  • Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эдийн засгийн хувьд бие дааж ажиллах эрх зүйн үндсийг тавьж өгсөн.
  •  ИТХ-ын Тэргүүлэгч гэдгийг огт байхгүй болгож байна. Мөн нэгжийг өөрчлөх, хотын статусыг илүү тодорхой болгож байгаа.
  • Байгалийн баялагтай холбоотой тодорхой заалтууд тусгагдсан гэж үзэж байгаа юм байна. Эдгээрийг багтаасан нэмэлтийг Үндсэн хуульд оруулахгүй бол ардчилалд итгэх иргэдийн итгэл алдрах гэнэ.


Ерөнхийлөгчийн хувьд, Үндсэн хуулийн нэмэлтийг зөв буруу гэдгийн  аль нэгийг онцгойлон авч үзээгүй. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлтийг зөв оновчтой хэлбэрт оруулахыг шаардаж хориг тавьсан болов уу. Энэ бол Үндсэн хуулийн анхны (2000 он) нэмэлтээр гарсан процедурын алдааг давтахгүй байх үүднээс хууль тогтоогчдод өгч засуулах гэсэн санаа. Түүнээс биш эсрэг байр суурь бариад байгаа зүйл биш гэдэг нь ойлгомжтой. Хуульчид УИХ-ын 73 дугаар тогтооолд тавьсан хоригт дурдагдаагүй засаглалын хэлбэрийг тусгай сэдэв болгон хөндөж байгаа нь бусдын анхаарлыг татаж байна. Энэ нь Ерөнхийлөгч ард түмнээс төрийн тогтолцоо (засаглалын хэлбэр)-г асуух хэрэгтэй гэдэг санал гаргаж байсантай нь холбоотой байх магадлалтай. Түүнээс биш хоригт засаглалын хэлбэрийн талаар дурдсан ямар нэг зүйл байхгүй. Ерөнхийлөгчийн гаргасан санал, УИХ-ын тогтоолд тавьсан хориг хоёр тустаа яригдах зүйл биз. Гэтэл хуульчид хольж гаргаж ирлээ.

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор  авч хэлэлцэнэ. Парламент эцсийн шийдвэр гаргана. Хуульчид байр сууриа нэгтгэж илэрхийллээ. УИХ-ын  аливаа шийдвэрийг бүх нийтээр дагаж мөрдөнө. Ийм учраас  Үндсэн хуулийн нэмэлт, ард нийтийн санал асуулгын талаар ганцхан хуульчид ч гэлтгүй бүх хүн байр сууриа илэрхийлэх боломжтой. Гэхдээ эцсийн шийдвэр гарах хүртэл хуульчдын байр суурийг  иргэдийн оролцоо руу шилжүүлэх учиртай. Иргэдийн төрийн үйл хэрэгт оролцох  оролцоог хангах үүрэг төрийн байгууллага, албан тушаалтанд ногдоно. Тэдний зүтгэлээс Үндсэн хуулийн нэмэлт, ард нийтийн санал асуулгын ирээдүй ихээхэн шалтгаалахад хүрэв бололтой.

Холбоотой мэдээ