Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги шинэ байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-09-27 10:23:43

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ОБГ-ын гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн шинэ барилга ашиглалтад орлоо. Тус барилгыг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн 100 хувийн буцалтгүй тусламжаар барьсан бөгөөд нийт 1,2 тэрбум төгрөг зарцуулжээ.

Шинэ барилгын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал, аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Бачим байдлыг аргацаах товчооны намын дарга Бай Вэн Фү, Сүхбаатар аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Т.Энхбаатар, Хэнтий аймгийн ОБГ-ын дарга, дэд  хурандаа Н.Чанцал нарын тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо.

ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал нээлтийн үгэндээ, Аливаа улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил гамшигтай яалт ч үгүй холбоотой байдаг. Иймээс гамшгаас хамгаалах, гамшгийн бэлэн байдлыг улс үндэстнээс, бүс нутгаас, аймаг орон нутгаас зайлшгүй шаардаж байдаг. Монгол Улсын төрөөс гамшгаас хамгаалах талаар баримталж буй бодлогын баримт бичигт тусгагдсаны дагуу ОБЕГ өөрийн цар хүрээгээ тэлж, улсын хэмжээнд 47 суманд өөрийн салбар нэгжийг байгуулсан. Үүний нэг нь Эрдэнэцагаан суман дахь 47 дугаар анги. Эрдэнэцагаан суманд ОБГ-ын нэгж байгуулж, дөрвөн жилийн нүүрийг үзэж байна. Өнгөрсөн дөрвөн жил амар байгаагүй. Дан өөрийн сумандаа гэлтгүй бүс, улсын хэмжээний олон гамшиг осол, гал түймэрт манай  залуучууд ажилласан. Нөгөө талаар хоёр улсын хамтын ажиллагаа, ялангуяа хилийн бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын гамшигтай тэмцэх хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу Эрдэнэцагаан сумын салбар ангийн хамт олон шинэ байртай болж байна. Монгол Улсын зүүн бүсийн аймгууд ӨМӨЗО-ы хошуудтай хамтран ажиллаж, аливаа учирсан гамшиг ослын үед хүчээ нэгтгэн хамтарч ирсэн сайхан уламжлалтай. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнгийн нэг илрэл нь энэхүү шинэ байртай болгож өгсөн явдал юм. Аливаа гамшигт бэлэн байх асуудал хоёр зүйлээр хэмжигддэг. Нэгдүгээрт хүний нөөц, хоёрдугаарт техник тоног төхөөрөмжийн нөөц. Бид хүний нөөцийн хувьд  боломжтой болсон ч тоног төхөөрөмж доголдолтой байгаа нь үнэн. Гэхдээ бид энэ мэтээр ажиллах орчин нөхцөлөө, техник тоног төхөөрөмжөө сайжруулахад онцгойлон анхаарч байна гэдгийг онцлон хэллээ.

Харин БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Бачим байдлыг аргацаах товчооны намын дарга Бай Вэн Фү хэлэхдээ, Манай хоёр аймаг нийгмийн бүхий л салбарт олон жилийн нөхөрсөг хамтын ажиллагаатай.  Тэр дундаа Сүхбаатар аймгийн ОБГ-тай манай Шилийн гол аймгийн Бачим байдлыг аргацаах товчоо илүү найрсаг харилцаатай. Үүний дагуу бид Сүхбаатар аймгийн ОБГ-ын даргын тавьсан саналыг хүлээн авч, энэхүү барилгыг хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад хүлээлгэн өгч байна. Манай Зүүн үзэмчин хошуу, Шилийн гол аймаг Эрдэнэцагаан сумтай хил залгаа, мөн тус сумын салхин доод талд байрладаг. Тиймээс хил давсан хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Ийм тохиолдол гарлаа гэхэд хоёр орны иргэд тэр дундаа малчид хамгийн их хохирлыг амсана.  Цаашид аливаа гамшиг, гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид илүү ойр хамтран ажиллах шаардлагатай гэлээ.

Тус барилга нь 412 м2 талбайтай бөгөөд ажилчдын албан өрөө, авто машины гарааш гэсэн хоёр хэсгээс бүрджээ. Гүйцэтгэгч Шилийн гол аймгийн зүгээс нийт өртөг болох 1,2 тэрбум төгрөгт барилгын тохижилт, өрөөнүүдэд шаардалагатай тоног төхөөрөмжийг багтаажээ.

2015 онд эсгий гэрт үйл ажиллагаагаа эхлүүлж байсан 47 дугаар ангийн бие бүрэлдэхүүн энэ өдрөөс эхлэн стандартын барилгад ажиллах боломжтой боллоо. Энэ барилгыг бариулах саналыг 2016 онд Шилийн гол аймгийн Бачим байдлыг аргацаах товчооны удирдлагад санал болгож, өнгөрсөн жилээс барилгын ажлыг эхлүүлж байлаа. Богино хугацаанд чанартай сайн барилгыг барьж гүйцэтгэсэн гэж үнэлж байгаа. Энэ бол хоёр орны хамтын ажиллагаа, цаашлаад хил орчмын гал түймрээс урьчилан сэргийлэх ажилд оруулж буй маш том хөрөнгө оруулалт гэдгийг Сүхбаатар аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Т.Энхбаатар хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны тогтоолоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийг байгуулсан. Энэ анги байгуулагдсанаар дөрвөн жилийн хугацаанд бүс нутагт гарч буй гамшгийн тоо эрс буурч, гарсан гамшигт үзүүлэх хариу арга хэмжээ маш түргэн шуурхай болсон. Тодруулбал, 2016, 2017 онд Эрдэнэцагаан суманд нийт 25 удаагийн түймэр гарч байсан бол, сүүлийн хоёр жилд нийт таван удаагийн түймэр гарч хохирлын хэмжээ 93,5 хувиар буурсан байна.

Шинэ барилгын нээлтийн ёслолын үеэр хурдан дааганы уралдаан, үнэдсний сур харвааны тэмцээнийг зохион байгуулж, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн зочид төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлсэн юм. 

Холбоотой мэдээ