"Алтан хэлхээ" гурван үеийн чуулга уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-09-27 15:39:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 26-нд Дундговь аймгийн ИТХ, Ахмадын хороо, ХГБЗХГ хамтран ахмад, дунд, залуу үеийн  “Алтан хэлхээ” гурван үеийн чуулга уулзалт зохион байгууллаа.
Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан тус аймагт зохион байгуулж байгаа "Ахмад настан-хэрэглэгч" долоо хоногийн аяны хүрээнд зохион байгуулж байгаа энэхүү чуулга уулзалт нь залуу үедээ ахмадаасаа суралцах боломжийг олгож, мэдлэг туршлага, өв уламжлал, ахуй соёлоо өвлүүлэн үлдээх зорилготой ажээ.
Тус чуулга уулзалтад аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд гээд албаны хүмүүс, сумдын ахмадын хорооны дарга нар, ахмад дунд залуу үеийн төлөөлөл оролцжээ.
Тэдний дунд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Дашзэвгэ, Гавьяат багш З.Цэвээнравдан, Хүний гавьяат эмч Л.Болормаа, Гавьяат жүжигчин Ж.Дүнжмаа, Гавьяат тээвэрчин Ж.Падсүрэн, Монгол Улсын Гавьяат малчин Х.Отгон, Д.Эрдэнэчулуун, Иргэний зөвлөлийн дарга Д.Чандмань нар оролцож, залуучууддаа хандан өөрсдийн туршлагаа хуваалцан,  үг сургаалаа хэлж,  санал бодлоо хуваалцжээ.
Тус чуулга уулзалтын үр дүнд ахмад үеэ хайрлан хүндэтгэж, тэднээс суралцах, ахмадын сургаалыг ажил амьдралдаа хэрэгжүүлэх, монгол ёс заншлаа өвлөн суралцах, ахмад, дунд, залуу үе хамтдаа орон нутгийнхаа хөгжилд оролцох оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр уриалга гаргаж, албан байгууллагууд, иргэдэд сурталчлан таниулах ажээ. 

Холбоотой мэдээ