Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын ажлыг энэ сард эхлүүлж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-09-27 15:06:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр өглөө эхэлсэн уул уурхай, эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын “Discover Mongolia-2019” олон улсын чуулга уулзалт “Шангри-Ла” зочид буудалд үргэлжилж байна.

Өглөөний үндсэн хуралдааны эхэнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү үг хэлэхдээ, юуны өмнө төрийн өмчит тус компани хүрэн нүүрсний салбарт хамтарч ажиллах саналыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт тавьж байгаагаа илэрхийлж байлаа.


Тэрээр, “Манай улсын эрдэс баялгийн салбарт алт олборлолт нэлээн тодорхой байдлаар бодитой хөгжиж байгаа. Монгол Улс жилдээ 22 тонн орчим алт борлуулаад гадагш гаргаж цэвэршүүлдэг. Энэ хүрээнд алт цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг манай охин компани “Эрдэнэс алт ресурс” дээр хэрэгжүүлж байна. ТЭЗҮ-гээ боловсруулаад, одоо бодитойгоор хөрөнгө оруулагч нартайгаа хамтраад үйлдвэрээ барих төлөвлөгөө гаргаад ажиллаж байна” гэлээ.

Тэрээр цааш нь, мөн зэс хайлуулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж буйг дуулгаад, “Бид энэ талын ТЭЗҮ-ийг хийгээд байгаа. Манай улсын хэмжээнд “Эрдэнэт”, “Оюутолгой”-н үйлдвэр нийлээд 1.5 сая тонн зэсийн баяжмал гаргаж байгаа. Бусад ордын зэсийн төсөл тодорхой хэмжээнд хэрэгжээд ирвэл манай улс жилийн 3-4 сая тонны нөөцтэй болно. Энэ үед хайлуулах үйлдвэр хэрэгтэй. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьд өнгөрсөн “Дисковер Монголиа-2018”-аас хойш маш бодитой хэрэгжих лицензүүдийг өөр дээрээ авлаа, Засгийн газрын дэмжлэгийг тодорхой хэмжээгээр мөн авлаа. Одоо гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нартай хамтраад ажиллах боломж бололцоо бий боллоо” гэдгийг онцолж байлаа.


“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес чуулганы индэр дээрээс хэлэхдээӨнөөдөр Монгол Улсад гадаад, дотоодын хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй байна. Энд эргэлзэх хүн байхгүй. Бид гүнийн уурхайн төслөө урагшлуулахад хувьцаа эзэмшигчдээс аваад бүх хүн санаа тавьж байна. Оюутолгой дэлхийн хэмжээний үлгэр жишээ уурхай бүхий төсөл болж байна.

Жишээ нь, “Рио Тинто” групп дотроо Оюутолгой нь өртөг бага, хамгийн аюулгүй уурхай болж байгаа. Энэ том төсөл нь техник технологийн шинэчлэлээс эхлээд эрчим хүчээс аваад хүний нөөц, аюулгүй ажиллагаа, нийгэм олон нийтэд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчны олон асуудлыг шийдэх, шалтгаалах зүйл их учир бид бүхний хүчин чармайлтаас их хамаарна” гэж байв.

Тэрээр, “Тулгарч буй бэрхшээл, гарч буй зүйлийг даван туулахаар ажиллаж байна. Бидний амжилт, бүтээж чадах зүйлс Монгол Улсын хөгжлийг дараагийн шатанд аваачихад чухал үүрэг гүйцэтгэх ёстой юм” гэдгийг хэлж байлаа.

 

Чуулганд оролцож буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэд захирал Т.Цогтбаяр хэлэхдээ, “Та бүхэн мэдэж байгаа, Засгийн газраас хоёр том бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлын хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Нэгд, Зүүнбаянгийн төмөр замын гарааны хөрөнгө болох 750 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж, энэ ажлыг эхлүүлээд байна. Хоёрт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын ажлыг энэ сард эхлүүлэхээр болоод байна. Энд эхний гарааны санхүүжилт 110 сая ам.долларыг шийдэж гаргаад байна. Дээрх хоёр бүтээн байгуулалтын ажлыг нийт 24 сарын дотор хийж гүйцэтгэхийг ерөнхий гүйцэтгэгч нарт даалгаад байгаа”-г дуулгалаа.

“Бид өнгөрсөн онд УИХ болон Засгийн газраас гадаад, дотоодын хөрөнгийн биржид гарч, хөрөнгө босго, IPO хий, нээлттэй хувьцаат компани бол гэсэн үүргийг хүлээн аваад байгаа. Энэ ажлын хүрээнд олон улсын зөвлөхүүд ирж ажиллаж байна. Тэд олон шаардлага тавьж байгаа. Компани дээр өнгөрсөн жил олон улсын ISO стандартыг нэвтрүүлэх ажлыг бүрэн зохион байгуулан хийж, сая аудитын хяналтаар манайхыг чанарын удирдлагын үндсэн стандарт, мөн 1401 гэсэн байгаль орчны болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа- эрүүл ахуйн байдлын гэсэн 3 стандартыг бүрэн хангаж байна гэж үзэн үнэлж, өнөөдөр Францын Элчин сайд гэрчилгээг нь олгож байна” гэв.

Цаашлаад тэрээр, IPO хийхтэй холбоотойгоор өнөөдөр тус компани дээр бүтцийн өөрчлөлт хийж, “Эрдэнэс Тавантолгой майнинг” гэсэн охин компанийг байгуулаад буйг мэдээллээ. “Энэ компанийг олон улсын зах зээл дээр гаргана. Одоо Хонгконгийн хөрөнгийн бирж дээр гаргахаар зорин ажиллаж байна. Энэ компанийнхаа 70 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмшинэ. Ингэснээр бид группын зохион байгуулалтад орж байна. Мөн сая, өнгөрсөн долдугаар сарын 24-нд Засгийн газрын 304-р тогтоол гарч, Тавантолгой төмөр зам буюу Тавантолгой- Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын 66 хувийг бид эзэмшихээр болсон. Мөн бид орд, бассейныхаа орчимд 8-9 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр барина. Үүнийг бие даасан, аж ахуйн тооцоонд оруулж ажиллуулна.

Мөн Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалт дээр дотооддоо хаалттай нөхцөлөөр, 750 тэрбум төгрөгийн, нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй үнэт цаасыг гаргаж байна. Үүнээс эхний урьдчилсан байдлаар бид 150 тэрбум төгрөгийн үнэт цаасыг худалдан аваад байна. Дараагийн ээлжийн худалдан авалтыг үе шаттай хийнэ” гэлээ.

“Компани энэ жил 9 дэх жилдээ ажиллаж, нийт борлуулалтаар 55.8 сая тонн нүүрс гаргаад байна. 58 сая тонн нүүрс олборлосон. Үүнээс энэ онд 12.2 сая тонныг нь борлуулаад байна. Өнөөдөр өглөөний байдлаар 13 дахь сая тонн нүүрсээ олборлоод байна. Ийм үр дүнтэйгээ бид ажиллаж байна” гэв.




“Discover Mongolia-2019” олон улсын чуулга уулзалтын үдээс хойших “Төслийн үнэлгээ хөгжлийг дэмжих нь” хуралдааныг Монголын Уул уурхайн Үндэсний ассоциацын Удирдах зөвлөлийн дарга, эдийн засагч А.Билгүүн хөтөлж байна.

Тэрээр эрдсийн салбар манай улсын гол зэвсэг гээд ОХУ батлан хамгаалах салбараараа, урд хөрш БНХАУ сүүлийн үед мэдээллийн технологидоо ихээхэн хөрөнгө оруулж, бүтээгдэхүүний экспортоороо тэргүүлж байгааг онцлов. 

“Монгол Улс газар зүйн хувьд маш ашигтай байрлалд байдаг ч хайгуулын тусгай зөвшөөрөл цөөрч, хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо тэнцсэн”-ийг онцоллоо. Ингэснээр хоёр жилийн дараа хайгуулын ихэнх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах эрсдэл нүүрлэснийг сануулсан юм.


Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ