Цусны даралт ихсэх өвчин нас баралтын дийлэнх шалтгааны нэг болж байна

Орон нутагт | Төв
naraa@montsame.gov.mn
2019-09-29 16:40:13

ТӨВ /МОНЦАМЭ/. Дэлхийн зүрхний өдрийг угтан Төв аймгийн Зуунмод сумын "Мөнх Алдар"-ын талбайд "Цусны даралт ихсэлтийн аян"-ыг энэ сарын 28-нд зохион явууллаа.

"Зүрхнийхээ баатар болоорой" уриатай энэхүү аянд Төв аймгийн 1000 гаруй иргэн оролцож, эрүүл мэндийн үйлчилгээ авсан тухай ХААН банкны Олон нийттэй харилцах газрын ахлах мэргэжилтэн Г.Оюунгэрэл мэдээллээ.

Уг аяныг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон гурван жилийн өмнөөс санаачилжээ.

Төв аймгийн иргэд, олон нийтэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж байгааг ойлгуулах, мэдлэг мэдээлэл олгох, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулах зорилгоор  "ХААН банк сан"-гийн санхүүжилтээр, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-тэй хамтран энэ үйл ажиллагааг зохион байгуулжээ.  

Аяны нээлтэд Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга С.Төмөр-Очир, аймгийн засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, НЭМҮТ-ийн дэд дарга Г.Цагаанхүү, ХААН банкны Төв аймаг дахь салбарын захирал Б.Золбаяр, аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга С.Оюунцэцэг, эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа, иргэд, олон нийтийн төлөөлөл оролцов.

 

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал:

-Дэлхийн зүрхний өдрийг угтан Төв аймгийн иргэдийг "Зүрхнийхээ баатар болох"-ыг уриалжээ. Та Засаг даргын хувьд хэрхэн хүлээж авав?

-Зүрх судасны өвчлөл, ялангуяа цусны даралт ихсэх өвчин нас баралтын дийлэнх шалтгааны нэг болж байгаа тухай статистик мэдээ байна. Орон нутагт үзлэг оношилгоо явуулж, өвчлөлийг эрт илрүүлэн, иргэд олны төлөө анхаарал хандуулж байгаа нь энэхүү аяны гол зорилго гэж ойлгож байгаа. Тиймээс иргэд, олон түмнээ энэхүү үйл ажиллагаанд өргөнөөр оролцон, үзлэг оношилгоо хийлгэж, цаашид эрүүл мэнддээ анхаарч хамгаалах үүргээ ухамсарлах хэрэгтэй юм.

Монголчууд бид нүүдлийн соёлоос, суурин соёл иргэншилд шилжиж, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн явдал нь энэ өвчин нэмэгдэх шалтгаан болсон гэж би үздэг. Өвчнөөс урьдчилан сэргийлэх явдал хөдөлгөөн, хооллолт чухал байгаа тул бид хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг чиглүүлж, эрүүл аж төрөх орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Бид лхагва гараг бүрийг нийгмийн эрүүл мэндийн өдөр болгож, цаг уурын таатай нөхцөлд агаар салхинд алхацгааж, хүйтний улиралд спорт зааланд урлаг, спортын үйл ажиллагаануудыг зохион байгуулж эхэлсэн.

Төрөөс иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулан ажиллаж байгаа арга хэлбэр мөн. Ийм төрлийн үйл ажиллагааг бид талархан хүлээн авч, цаашид ч иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжин хамгаалахад хамтран ажиллах болно хэмээв.


Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга С.Төмөр-Очир:

- П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг "ХААН банк сан"-гийн дэмжлэгтэй энэхүү аяныг зохион байгуулжээ. Таны сэтгэгдлийг сонсъё.

-Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчинд нөлөөлдөг гол хүчин зүйл нь цусны даралт ихсэлт юм. Өнөө жил “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг зүрх судасны өвчлөл өндөртэйд тооцогддог Увс, Ховд, Баян-Өлгий аймагт өнгөрсөн 6-7 дугаар сард амжилттай хэрэгжүүлж, 5000 гаруй иргэн үр шимийг нь хүртлээ.

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы багийнхан жил бүлийн 29-нд тохиодог Дэлхийн зүрхний өдрийг өнгөрсөн жилүүдэд нийслэлчүүдийн хамт тэмдэглэж, мөн 5000 гаруй иргэнд эрүүл мэндийн боловсрол олгохын сацуу үнэ төлбөргүй эрсдэлийн үнэлгээ, үзлэг хийж ирсэн байна. 

Аяны хүрээнд өөр нэг ажил нь ШУГТЭ-ийн тэргүүлэх зэрэгтэй эмч нар орон нутгийн эмнэлгийн ажилтнуудад орчин үеийн эмчилгээний чиг хандлагын тухай сургалт зохион байгууллаа.  

Цусны даралт өндөр байх нь зүрхний дутагдалд орох, тархинд цус харвах, зүрхний шигдээс болох магадлал өндөр байдаг. Нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны тогтолцооны өвчлөлийн 63,1 хувийг артерийн даралт ихсэлт, 15,6 хувийг зүрхний шигдээс, 9,34 хувийг тархи судасны өвчин тус тус эзэлж байна.

Тиймээс иргэд та бүхэн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, даралтаа тогтмол хянаж хэвших нь өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ эрсдэлт хүчин зүйлсээс хамгаалах чухал ажлыг бид ХААН банк сангийн дэмжлэгтэй ард иргэддээ хүргэж байна хэмээн тэрээр мэдээлэл өглөө.


ХААН банкны Төв аймаг дахь салбарын захирал Б.Золбаяр:

-ХААН банк сан "Цусны даралт ихсэлтийн аян"-ыг 3 дахь жилдээ санхүүжилтээр дэмжин ажиллажээ. Энэ удаа уг үйл ажиллагааг Төв аймагт явуулж байна. Та энэ талаар тодруулж ярина уу?

- ХААН банк үндэсний топ 100 аж ахуйн нэгжийн гуравт жагсдаг том аж ахуйн нэгжийн хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нийгмийн чанартай олон төсөл хөтөлбөрүүдийг "ХААН банк сан"-аар дамжуулан хэрэгжүүлдэг. Тухайлбал "Хавдрын эсрэг аян"-ы үйл ажиллагааг Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа бол "Цусны даралт ихсэлтийн аян"-ыг 3 дахь жилдээ Үндэсний гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нартай хамтран зохион байгуулж байна. 

Энэ аяны хүрээнд нийт 15000 гаруй иргэнд үйлчилж, үзлэг оношилгоонд хамруулжээ. Бид цусны даралт ихсэх өвчлөлд өртөмтгий аймаг нийслэлийг НЭМҮТ-ийн статистик мэдээнд үндэслэн сонгон авч байгаа юм.

Төвийн бүсийн аймгууд дундаа Төв аймаг цусны даралт ихсэлтийн үзүүлэлтээрээ өндөрт тооцогддог. Улсын дунджаар тус аймгийн хувьд өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын тогтолцооны өвчлөл нэгт, зүрх судасны тогтолцооны өвчлөл хоёрт, хоол боловсруулах тогтолцооны өвчлөл гуравт бичигдэж буй юм. Төв аймаг цусны даралт ихсэх өвчлөл харьцангуй их байгаа тул сонгосон. "ХААН банк сан" энэхүү аянд нийтдээ 400 гаруй сая төгрөг зарцуулаад байна гэв. 


Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд дарга Г.Цагаанхүү:

-Тус төв "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян"-д ямар үүрэгтэй хамтран ажиллаж байгаа вэ?

-Энэхүү аянд манай байгууллага З дахь жилдээ оролцож байна. Манай байгууллагын мэргэжилтнүүд үүрэг оролцооны хувьд эрүүл зөв хоололтын зөвлөгөө өгөх, энэхүү өвчлөлийн шалтгаан, үр дагаврын талаар статистик мэдээ, мэдээлэл бэлтгэж, түүнийг видеогоор бэлтгэн ард иргэдэд сурталчлан таниулах, давсны зөв хэрэглээ, амьдралын зөв дадал хэвшлийн талаар иргэдэд зөвлөгөө өгч, статистик судалгааны дата бааз цуглуулахаар иргэдийн дунд эрсдэлийн үнэлгээ тодорхойлох асуумж цуглуулах үүрэгтэйгээр хамтран ажиллаж байна.

Энэхүү өвчин эдгэрэх бүрэн боломжтой. Түүнчлэн энэ өвчин сүүлийн үед эрс залуужиж, хот суурин газрын төдийгүй орон нутгийн хүн амын дунд хурдтай тархаж буй нь хөдөлгөөний хомсдол, хүн амын дундах таргалалт, зохисгүй хооллолт, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн, стресс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа нь статистик мэдээллийн үр дүнд нотлогдож байгаа юм.

Тиймээс хувь хүн бүр эрүүл мэндийн зөв боловсролыг эзэмшиж, хэвшүүлэх шаардлагатай юм. 

Холбоотой мэдээ