Ард нийтийн санал асуулгын тов

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2019-09-30 13:13:25

УИХ олонхоор (51 гишүүн)-оо Үндсэн хуулийн нэмэлтийн эхийг ард түмнээс асууна гэж шийдвэрлэсэн билээ. Тэр дагуу Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ), Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ), Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ) ард нийтийн санал асуулгын тов зарлах тогтоолын төсөлд 29,9 тэрбум төгрөгийн зардал гарна гэсэн тоо оруулсан билээ. Санал асуулгын урьдчилсан төсөв араасаа хэл ам дагуулан тов зарлах (10 дугаар сарын 30,31) тогтоолын төслийн хэлэлцүүлгийг зогсоосон бололтой. Эдүгээ уг тогтоолын төсөл нь тов зарлах бус харин төсөв хэмнэх  сэдэв болон өөрчлөгдөөд байна. Энэ хооронд парламент ард нийтээс санал асуух, Үндсэн хуулийн нэмэлтийн эхийг тогтоол (73 дугаар)-оор баталлаа. УИХ-ын энэ тогтоолд Ерөнхийлөгч хориг тавилаа. Уг хоригийг УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2019-09-30) хуралдаанаараа хэлэлцэх байв. Бүлгийн хуралдаан болсон ч ямар нэг шийдвэр гарсангүй. Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа баасан гараг (2019-10-04)-т дуусна. Түүнээс өмнө УИХ хоригийг хэлэлцэж эхлэх нь тодорхой. Улмаар байнгын хороо   (ТББХ, ХЗБХ) чуулганы нэгдсэн хуалдаанаар авч хэлэлцэн хариуг өгнө. Хариу хоригийг хүлээж авна, авахгүй гэсэн хоёр шийдлийн нэг нь байх болно.


Харин санал асуулгын тов тогтоох тогтоолын төслийг хэзээ батлах нь тодорхойгүй байна. Энхүү тогтоолын төслийг батлахад  зардал хаанаас  гаргах, хэмнэлт яаж хийх талаар УИХ, Засгийн газрын түвшинд хамтран ажиллаж байгаа юм байна.  Энэхүү ард нийтийн санал асуулгын зардал урьдчилсан байдлаар  өндөр гарсан нь УИХ-ын ээлжит бус сонгуулийг хамтруулж  төсвийн хэмнэлт хийнэ гэсэн санаа хөндөгдөн гарч ирсэн гэж дээр хэлсэн билээ. Зардал хэмнэх үүднээс шууд арчиллын нэг хэлбэр болсон санал асуулгыг УИХ-ын ээлжит бус сонгуультай хамт явуулж болохгүй гэж хуульчид байр сууриа илэрхийллээ. Тэдний гаргасан санал нийгмээс хэр зэрэг дэмжлэг авахыг одоогоор хэлэх боломжгүй байна.


УИХ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа (МҮОНТ), “Ард нийтийн санал асуулга, УИХ-ын ээлжит бус сонгуулийг хамт хийх талаар УИХ-ын дэрэгдэх даргын зөвлөлөөр албан бусаар ярьсан. Гэхдээ ард түмний санал асуулгыг ирэх оны зургадугаар сард болох сонгууль ( УИХ-ын ээлжит)-тай хамтарч яагаад болохгүй гэж” гэсэн санааг хөндлөө. Түүний хөндсөн энэ санаа нь Үндсэн хуулийн нэмэлтийг хэлэлцэж эхэлсэн парламент дундуур нь өөр асуудал хэлэлцэхгүй гэсэн хуулийн заалт дээр тулж очив. Гэвч Үндсэн хуулийн нэмэлтийн ард түмнээс асуух эхийг УИХ тогтоолоор баталсан нь бусад асуудлыг авч хэлэлцэх дардан замыг нээж өгсөн гэнэ. Энэ байр сууринаас авч үзвэл ард нийтийн санал асуулгыг өвөл болж байгаа энэ цаг үед шахагдахгүй хийх боломж цаг хугацаа байгаа бололтой.


Ард нийтийн санал асуулгын тов, зардлыг батлах тогтоолыг УИХ эцэслэхгүй байгаа нь УИХ-ын ээлжит бус сонгуулийг наашлуулах уу, ард нийтийн санал асуулгыг хойшлуулах уу гэдэг сонголтын өмнө эрх баригчдыг хүргэв бололтой. Тэгээд ч Засгийн газар УИХ-д 2020 оны улсын төсвийн төслийг удахгүй өргөн барина. Уг төсөлд ирэх онд болох ээлжит  УИХ-ын болон орон нутгийн сонгуульд 43 тэрбум төгрөг зарцуулна гэж урьдчилсан байдлаар танилцуулсан.  Улс төрийн хүрээнд болж байгаа эдгээр үйл явдлаас харвал Үндсэн хуулийн нэмэлтийн эхийг ирэх онд болох УИХ-ын ээлжит сонгуультай хамт явуулах нөхцөл үүсэж болзошгүй байна.


Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын ээлжит сонгуультай хамт явуулна гэж үзвэл санал асуулгын тов зарлах тогтоолыг хойшлуулах магадлалтай. Ийм сонголт хийх боломж парламентад байгаа юм байна. Энэ бүхнийг эцсийн байдлаар шийдэхээс өмнө шийдлээ хүлээж байгаа улс төрийн гол сэдэв нь УИХ,  73 дугаар (ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах)  тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэн шийдвэрлэх... Тэндээс ямар шийдвэр гарснаас хамаарч УИХ-ын ээлжит сонгуулийг нааш нь татах уу, ард нийтийн санал асуулгыг хойшлуулах уу гэдгийг УИХ хэлэлцэн шийдвэрлэх нь тодорхой. Гэхдээ  санал асуулга, УИХ-ын ээлжит сонгуулийг хамт хийх үү, тусад нь хийх үү гэдэг нь  улс төрд өрнөх дараагийн сэдэв болох бололтой.


Үнэхээр УИХ-ын сонгуулийг нааш нь татах уу, ард нийтийн санал асуулгын товыг хойшлуулах уу?

Холбоотой мэдээ