Үзэсгэлэн худалдаагаар 30 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-10-01 11:05:26

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын ивээл дор “Хөдөө аж ахуйн үйлдвэржилт- 2019” үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-29-ний өдрүүдэд Баганат талбайд боллоо. 

Үзэсгэлэн худалдаанд мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 20 сумын 21 малчин, 64 иргэн, долоон хоршоо, ТББ нэг, ХХК зургаа, гурван бүлэг, нийт 106 иргэн аж ахуйн нэгжээс гадна Дархан, Сэлэнгэ, Завхан, Архангай аймгийн төлөөлөл оролцож 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг 30 гаруй сая төгрөгөөр борлуулжээ.

Мөн үеэр "Загвар хоршооны туршлага судлах аялал", “Газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх гарц” сэдэвт шилдэг илтгэлийн уралдаан, газар тариалангийн тоног төхөөрөмжийн парад, шинэ ургацын ногооны ашиг шимийн танилцуулга, шинэ ногооны 10 төрлийн салатны амталгаа, ХАА-н салбарыг хэн сайн мэдэх вэ АХА тэмцээн, сугалаат худалдаа зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Үзэсгэлэн худалдаанд Баянхонгор сумын “Жигүүр богд" ХХК-ийн чацарганы охь, тос, архи, ундаа, цай зэрэг нэрийн бүтээгдэхүүн шилдгийн шилдэг "Гран-при" шагналыг хүртсэн бол ”Шилдэг үйлдвэрлэгч хамт олон”-оор Баянлиг сумын “Өлзий баялаг дүүрэн” хоршоо, “Хөнгөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч”-ээр Гурванбулаг сумын иргэн Н.Дарамрэнчингийн “Бүүвэй брэнд”, “Хүнсний салбарын шилдэг бүтээгдэхүүн"-ээр Эрдэнэцогт сумын “Арвижих” нэрийн бараа шалгарчээ.
Харин “Шилдэг манлайлагч бүлэг, нөхөрлөл”-өөр Баянцагаан сумын Г.Энхтүвшин ахлагчтай баг, "Шилдэг тариаланч”-аар Баянлиг сумын Б.Эрдэнэбат, “Шилдэг жимс, жимсгэнэ тариаланч”-аар Баянхонгор сумын иргэн Д.Лхамхүү, “Шилдэг борлуулалттай бүтээгдэхүүн”-ээр Баянхонгор сумын иргэн н.Равдан, Н.Чанцалнямын “Үхрийн ширэн урлал, хөхүүр”, “Шилдэг технологи нэвтэрүүлэгч тариаланч”-аар Өлзийт сумын иргэн Б.Отгонбатын “Япон цагаан саримс”, “Шилдэг менежменттэй иргэн”-ээр Богд сумын иргэн М.Батчулууны гар урлал, сур суран бүтээгдэхүүн тус тус шалгарсан байна.

Холбоотой мэдээ