Сонгуулийн байгууллагын ажилтнуудад гэрчилгээ олгох сургалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-11 16:06:19

Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажилтнуудад гэрчилгээ олгох сургалт явагдлаа.

Сонгуулийн тухай хуулийн 28.5 дахь заалтад сонгуулийн ажилтны мэдээллийн санд орсон ажилтан, албан тушаалтанд сонгуулийн хууль тогтоомжийн талаар сургалт явуулж, гэрчилгээ олгоно гэж заасан байдаг. Үүний дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажилтнуудад гэрчилгээ олгох сургалтыг Архангай, Өвөрхангай, Баянхонгор гэсэн гурван аймагт явуулж байна.

Тус сургалт манай аймагт энэ сарын 8-ны өдөр болж 19 сумаас төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний ажилчид хамрагдлаа. Төрөөс баримталж байгаа гол чиглэлд сонгуулийн мэдээллийн санд орсон ажилчид шударга, зарчимч намын байр сууринаас бус төрийн албан хаагчийн байр сууринаас сонгуульд хандах нь чухал гэж үзэж байгаа юм.

Мэдээллийн санд орж сонгуулийн хороонд ажиллах ажилчид үүргээ ухамсарлаагүй, ямар нэгэн зөрчил дутагдал гаргасан тохиолдолд төрийн албанд эргэн орохгүйгээр ажлаас халах хүртэл хууль байдаг талаар сургалтын үеэр санууллаа. Энэ удаагийн сургалтанд хамрагдагсдад сонгуулийн хуулийн талаар анхаарвал зохих нэмэлт мэдээллүүдийг хүргэсэн бөгөөд хуулиа сайтар судалж, сонгуулийн байгууллагад орж ажиллахдаа сургалтаас авсан мэдээллээ ашиглан хуулийн дагуу үйл ажиллагааг явуулах хэрэгтэй гэдгийг хэлж байв. Цаашлаад аймгийн сонгуулийн хороо байгуулагдсаны дараа аймгийн ИТХ Сонгуулийн хороотой хамтран дараагийн сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ