Баруун-Урт сумын ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-10-01 14:47:12

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан аймгийн ЗДТГ, Баруун-Урт сумын ЗДТГ, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, ахмадын хороо хамтран Баруун-Урт сумын 1500 гаруй ахмад настанд баяр хүргэн хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.

Мөн зарим ахмадыг төрийн дээд шагнал болоод аймаг, сум орон нутгийн шагналаар шагнасан юм.

Ахмад настны тухай хууль шинэчлэгдэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төр засгаас ахмад настанд үзүүлэх халамж, төрийн үйлчилгээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Жишээлбэл, 2019 онд тус аймгийн хэмжээнд 4078 ахмад настанг 208,2 сая төгрөгийн хүнсний талонд хамруулж, 2509 өндөр настанд 391,7 сая төгрөгийн “Насны хишиг” мөнгөн тэтгэмжийг олгожээ.


Ахмад настныг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас гаргаж буй бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ орон нутагт тусгай хөтөлбөрийн хүрээнд дэмжих, тэднийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар мэндчилгээнийхээ үгэнд дурдлаа.

Ахмадууд ч төр захиргааны байгууллага болоод ахмадын хорооны зүгээс тэдэнд зориулсан олон төрлийн ажил, үйлчилгээ үзүүлж байгааг сайшааж байлаа. 

Холбоотой мэдээ