Ж.Эрдэнэбат: Чингэлтэй дүүрэгт 90 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлж байна

Монголын мэдээ | Ярилцлага
bolor@montsame.mn
2019-10-02 14:44:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Чингэлтэй дүүргийн бүтээн байгуулалт, тус дүүрэгт хийж хэрэгжүүлж буй ажлынх нь талаар тус дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатаас сонирхлоо.


-Та хаана төрж өссөн бэ. Чингэлтэй дүүрэгтэй хэзээнээс, хэрхэн холбоотой ажиллав?

-Баянхонгор аймгийн  Баянбулаг суманд төрж, Бууцагаан суманд өссөн. Төрийн албанд ажилласны хувьд бол, Хан-Уул дүүргийн тамгын газарт 1997 оноос эхлэн ажилласан. 2005-2009 онд нийслэлийн ЗДТГ-т, 2009 оноос Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна. Анх 2009 онд санхүү эдийн засгийн хэлтсийн даргаар томилогдсон. 2014 оны 10 дугаар сард Тамгын газрын дарга, Засаг даргын орлогч, засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сараас Засаг даргаар сонгогдон ажиллаж байна.

-МОНЦАМЭ агентлагийн ”Хүмүүн бичиг” сониноос жил бүр зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шагналын санг бүрдүүлэхэд Чингэлтэй дүүрэг сүүлийн хэдэн жил байнга хамтран ажиллаж байгаа. Үндэсний бичиг соёлоо дээдлэх, дэлгэрүүлэх бодлого бол энэ дүүргийн нэг онцлог байх?

-Чингэлтэй дүүргийн сүүлийн 10 гаруй жил хэрэгжүүлж буй үйл ажиллагаа бол үндэсний уламжлал, зан заншил, бичиг соёлыг дэлгэрүүлэх ажил юм. Учир нь Чингэлтэй хайрхан бол эрдэм номын бэлгэдэлт хайрхан. Тиймээс эрдэм номыг дээдлэгч хайрханы өвөрт ажиллаж, амьдарч байдгийн хувьд монгол бичгийг түгээн дэлгэрүүлж сурталчлах нь зүй ёсны хэрэг гэж үздэг. УИХ-ын гишүүн Д.Ганболд тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа үндэсний бичиг үсгээр баярын бичиг гэх мэт өргөмжлөлийг бичиж хэвшүүлье гэж байсан. Тэрхүү төрийн ажлын залгамж дагуу ажлаа явуулж байна. МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины жил бүр явуулдаг улсын уралдааныг дэмжин ажилладаг маань, үндэсний бичиг үсгийг түгээхэд оруулж буй оролцоо хувь нэмэр гэж ойлгож болно. Түүнээс биш реклам сурталчилгаа, арилжааны янз бүрийн зорилго агуулаагүй. Энэ бол монголчуудын хэдэн зуун жилийн өмнө бүтээсэн бичгийн соёлыг хадгалах, дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд анхаарч байгаагийн нэг хэлбэр юм.

-Мөн Дамчааравжаагийн хэмээгдэх, монгол бичгийн анхны цагаан толгойг бүтээсэн түүх Чингэлтэй дүүрэгтэй холбогддог, тийм үү?

-Тийм ээ, тэр үеийн эрдэм номтой хүмүүс Чингэлтэй хайрханд гарч бясалгал хийж нэг үйлийг бүтээж буудаг байсан юм билээ. Тухайн үед хүрээ сайд Юндэндорж гэдэг хүн Чингэлтэй хайрханд гарч бясалгал хийхдээ монгол бичгийн цагаан толгойг зохион бууж ирсэн түүхтэй. Түүнийг нь Дамчааравжаа гэдэг хүн барлаад түгээсэн. Олонд барласан хүнийх нь нэрээр Дамчааравжаагийн толь хэмээн нэрлэгдсэн юм гэж доктор С.Дулам гуай бидэнд хуучилж байсан.

-Өнгөрсөн хавар дүүргийн ЕБС-иудын дунд монгол бичгийн орчин бүрдүүлсэн томоохон аян өрнөсөн. Энэ ажил цаашид үргэлжлэх үү?

-Манай дүүрэгт ерөнхий боловсролын 17 сургууль бий. Хоёр жилийн өмнөөс сургуулиудын монгол хэл, уран зохиолын багш нарыг судлагдахууны багийн бүрэлдэхүүнд оруулсан. Математик, физик, хими, биеийн тамир, дуу хөгжим, эх хэл, уран зохиол гэхчлэн 15 судлагдахууны багийн хүрээнд монгол хэл, уран зохиолын багш нар нэг зорилго, арга зүйгээр хичээлээ зааж хэвших нь зүйтэй юм гээд монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх зорилтот аяныг зохион байгуулсан. Энэ хүрээнд, өнгөрсөн жил ӨМӨЗО-ы Ордос хотод сургууль бүрээс нэг багш явуулсан. Багш нар явж ирээд монгол бичгийг хэрэглээ болгохын тулд орчин байх ёстой юм байна гэдэг санал тавьсан. Тиймээс сургуулийн анги танхимын хаягаас эхлээд эх хэлнийхээ яруу тунгалаг сайхныг илэрхийлсэн үг сургаал, оньсого тааврыг сургуулиудын нэгдүгээр давхарт бичиж орчин бүрдүүлэх санаачилгыг дэмжин ажиллаж байгаа. Засаг дарга Д.Ганболдын үед монгол бичиг, угийн бичгийн уралдаан зарлаж сургуулиудаар явсан. Тэгэхэд сурагчид төдийгүй эцэг эхчүүд идэвхтэй оролцсон юм. Энэ бол хүүхдээр дамжин эцэг эхэд нөлөөлөх, монгол үндэстэн учир хэл соёлоо сурах, өвлүүлэх, хөгжүүлэхэд том алхам болж байна гэж үзэж байна. Мөн дүүргийн бэлэг дурсгалын зүйл, талархал, мэндчилгээ зэргийг монгол хэлний багш нар бичдэг. Хүүхдүүд ч бичиж байгаа.

-Чингэлтэй дүүрэг анх удаа задгай театртай болсон. Энэхүү бүтээн байгуулалтын санааг хэрхэн олсон, зорилго чиглэл нь ямар байх вэ?

-Чингэлтэй хайрханы ам өмнө нь модтой сайхан ойтой байсан. Одоо ойгүй, нүцгэн болсон. Тиймээс 2010 оноос ойжуулах, нөхөн тарих ажлыг хийсэн. Хэсэг газрыг “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн” гэж нэрлэн Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор шийдүүлсэн. Эрдмийн цэцэрлэгт хүрээлэнд эрдэм номыг дээдэлсэн, ахмадуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх орчин бүрдүүлэхийг зорьж байна. Энэ ажлыг үе шаттай хийнэ. Хоёр жилийн өмнөөс задгай театр ажиллаж байна. Харин өнгөрсөн жилээс хөлбөмбөг, сагс, софт теннис зэрэг спорт тоглоомын талбай, зогсоол барьж дуусаж байна. Мөн усан спорт, хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх тоглоомын талбай барина. Эрдмийн задгай театр бол түүний нэг хэсэг нь. Мөн иргэдийн хөгжлийг дэмжсэн “Хайрхан” хөгжлийн төв, спорт заал, соёл олон нийтийн хурал цуглаан хийх зориулалт бүхий заалыг ашиглалтад оруулсан. Эрдмийн задгай театрын санаа, зураг зохиомж, бэлгэдлийг анх Д.Ганболд гишүүн санаачилсан. Байгалийн үзэсгэлэнт газарт байгалийн цуурайг ашиглан задгай хэлбэрээр хүний гараар бүтээж бий болгохыг зорьсон юм. Үүнд боржин, улаан, цагаан, шар гэхчлэн Монголын газар газрын чулуу орсон. Нийт 1000 хүний суудалтай, талбайн дундаа 3D шатрын хөлөгтэй. Дөрвөн зүг, 8 зовхист талбайгаа хувааж, арга билиг, харш ивээл жил зэргийг тооцож чулуугаар хийсэн. Тиймээс өнө мөнхөд орших байх аа. Чулуу бол 1000 жилийн настай гэдэг. Бид гүйцэтгэлийг хийж байна.

-Цаашид өөр ямар ямар бүтээн байгуулалт хийх вэ?

-Салбар бүрт хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийж байна. Энэ жилийн хувьд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө нэмэгдээд манай дүүрэгт 90 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлж байна.

Боловсролын салбарт 38 мянга орчим хүүхэд сурч байна. Үүнээс цэцэрлэгт 12 мянга гаруй хүүхэд, сургуульд 26 мянган хүүхэд сурч байгаагаас 3000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Эдгээр хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулахыг зорьж байна.

Энэ жил боловсролын салбарт цэцэрлэг, сургууль буулгах, шинээр барих, өргөтгөх зэргээр 24 обьект барина. Шинээр 14 обьект энэ ондоо, 10 нь хойтон ашиглалтад орно. Гурван бага сургууль, цэцэрлэг шинээр барьж байна. Япон улсын Жайка олон улсын байгууллагын тусламжаар олон улсын жишигт нийцсэн 640 хүүхдийн суудалтай сургууль, хэд хэдэн төслийн хүрээнд 240 хүүхдийн цэцэрлэг, МСҮТ барьж байна. Эдгээр сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар стандарт түвшинд хүрнэ, цэцэрлэгт хамрагдалт 90 хувьд хүрнэ гэж тооцоолж байна.

Эрүүл мэндийн чиглэлээр Хайлаастын 2 дугаар амбулатори сүүлийн 4 жил түрээсийн байранд ажиллаж байсан бол, энэ жил долоон давхар эмчилгээ оношилгооны төв барихаар ажил нь эхэлсэн. Энэхүү төвийг ашиглалтад оруулснаар хүн амын дийлэнх нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээ оношилгоо, сэргээн засах тусламж үйлчилгээ авах боломжтой болно. Мөн газрын асуудал шийдэгдвэл жишиг өрхийн эмнэлгийн барилгын ажлыг эхлэхэд бэлэн байна. Мөн алсалсан гэр хорооллын өрхийн эмнэлгийг  бие даасан байртай болгох ажил явагдаж байна.

Спорт биеийн тамирын чиглэлээр Эрдмийн цэцэрлэгт хүрээлэнд олон нийтэд зориулсан соёл, урлаг, спортын чөлөөт цагийг өнгөрүүлэх цогцолбор барина. Мөн 7, 8 жил баригдаад дуусаагүй дүүргийн спорт цогцолбор удахгүй ашиглалтад орно. Ингэснээр спорт тоглоомын өрөө тасалгаа, усан бассейн, мөсөн гулгуурын талбайтай, битүү дээвэртэй иж бүрэн цогцолбор бий болох юм.

Дэд бүтцийн хувьд, захын гэр хорооллын гудамж замыг төв замтай холбох, зүлэгжүүлэх ажил хийж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн зам тавих, зүлэгжүүлэх, дэд бүтэц, барилгажилт, хашаандаа амины орон сууцаа сайжруулах, дулаан алдагдлыг бууруулах гэхчлэн ажлууд хийж байна. Мөн Хаан банкныхантай ногоон зээлийн асуудлаар санал солилцсон.

-Өнөө жил тохиож буй дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулж дүүрэг тодорхой ажил зохиож буй тухай сонслоо?

-“Бэгзийн Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн” дүүрэгт маань байрладаг учир ойг тохиолдуулан ЕБС-иудын дунд уралдаан тэмцээн зохион байгуулж байна. Тухайлбал, их найрагчийн шүлгийг унших, бичих уралдаан юм. Сүүлийн шатны шалгаруулалтыг найрагчийнхаа талбайд зохион байгуулаар төлөвлөж байна. Мөн шатрын тэмцээн зохион байгуулна.

-Танай дүүрэг бас “Чингэлтэй фестиваль” зохион байгуулдаг. Энэ наадам хэрхэн өргөжиж байна вэ?

-Энэ бол 2013 оноос эхлэн Чингэлтэй дүүрэг СУИС-тай хамтран “Бид сайн сайханд дагуулна” уриан дор зохион байгуулсан.  Анх “Гудамжны баяр” нэртэй зохион байгуулдаг байсан. Жил бүрийн фестиваль өөр өөрийн онцлогтой болдог бөгөөд 2018 онд “Амар байна уу? Та” сэдвийн хүрээнд болсон.  Жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэж байхаар тогтсон. Аливаа хот өөрийн фестиваль наадамтай, түүнийг нь гадаад дотоодын зочид төлөөлөгчид ирж үздэг. Тиймээс бид энэхүү наадмаар монгол зан заншил, түүх соёлоо сурталчлах зорилгоор зохион байгуулж байна. Энэ жил монгол үндэстэн угсаатны хувцас, хэрэглэл, хэл соёлыг таниулах чиглэлээр 15 ястны хувцас хийлгэж олонд таниулсан. Зарим бүлгийн хувцас хэрэглэлийг хийдэг хүн ховорджээ. Малгай гэхэд дөрвөн улирлынх, баяр наадам, ердийн үед өмсөх гэхчлэн тэр бүхнийг сэргээн залуу үедээ өвлүүлэхийг зорьж байна. Энэхүү наадам өргөжсөнөөр ОХУ, БНСУ, Япон, Турк,  ӨМӨЗО зэрэг хамтын ажиллагаатай хотуудаас төлөөлөгчид ирдэг болсон. Энэ нь жил бүрийн тавдугаар сард манай наадмыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж байгаагаас харагдаж байна. Мөн нийслэлийн аялал жуулчлалын төлөвлөгөөнд багтдаг болсон. Чингэлтэй фестивальд СУИС хамтран ажиллаж, идэвхтэй оролцдог. Оюутнууд энэ үеэр хичээлийн жилд сурсан мэдсэнээ тайлагнадаг.

-Таны дээр дурдсанаар, Д.Ганболд гишүүн тус дүүргийн Засаг дарга байсан. Та бүхний ажлын уялдаа, залгамж чанарын тухайд ямар байдаг вэ?

-Төрийн алба тасралтгүй залгамж чанартай явах ёстой. Тиймээс өмнөх Засаг даргын үед хийж хэрэгжүүлсэн ажил төрийн бодлого, орон нутгийн бодлого болж явагдаж байна. Д.Ганболд дарга Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргын хувьд уялдаа холбоотой ажилладаг. Мөн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ө.Энхтүвшин, Д.Ганболд нарын дөрвөн гишүүн манай дүүргээс сонгогдсон. Тиймээс иргэд, сонгогчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажилладаг. Үүний үр дүнд дээр дурдаж хэлсэн 90 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дүүрэгт хэрэгжүүлнэ гэдэг УИХ-ын гишүүд улсын төсөвт шаардлагатай эмнэлэг, сургууль, цэцэрлэг, зам тавих зэрэг томоохон асуудлыг шийдвэрлэхэд санал оруулж батлуулж байна.  Тиймээс үр дүнг нь иргэд, сонгогчид, ард түмэн хүртэх учраас УИХ-ын гишүүд, ИХ-ын төлөөлөгчидтэй уялдаатай ажилладаг. Д.Ганболд даргын хувьд онцолж хэлэхэд, Чингэлтэй дүүрэг анх 1992 онд Сүхбаатарын районоос өрх тусгаарласан түүхтэй. Шинэ Үндсэн хууль батлагдаж засаг захиргааны нэгжид тийнхүү өөрчлөлт орж тухайн үеийн Сүхбаатарын районоос 80 мянган хүнтэй Чингэлтэй дүүрэг байгуулагдахад тэрээр санхүүгийн даргаар ажиллаж байсан. Дараа нь 2008-2016 онд дүүргийн Засаг даргаар ажилласан учраас Чингэлтэй дүүрэгтэй салшгүй холбоотой. Тиймээс дүүргийнхээ тухай илүү ихийг мэддэг учраас хүндэтгэлтэй ханддаг. 


Холбоотой мэдээ